Монгол Улс Оросын зургаан "МиГ-29" сөнөөгчтэй ч Чехээс байлдааны сургалтын сөнөөгч "L-39NG Skyfox" онгоц худалдан авахыг сонирхож байгаа аж.
Монгол Улсын Зэвсэгт хүчин агаарын довтолгооноос хамгаалах чадавхаа бэхжүүлэх, тэр дундаа дайсны нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй (дрон) тэмцэх зорилгоор Чех улсад үйлдвэрлэсэн нисэх онгоцуудыг худалдан авахаар төлөвлөж байгаа тухай цэргийн аналитик «Defense Express» цахим хуудас мэдээллээ.
Европын батлан хамгаалах салбарын тойм (European Defence Review) сэтгүүлийн мэдээлснээр, Чех улсад саяхан зохион байгуулагдсан "Forum Future Force" олон улсын үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид Чехийн батлан хамгаалахын "Omnipol Group" компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.

L-410NG
Уг санамж бичгийн хүрээнд Монгол Улс 2026 онд багтаан дор хаяж нэг агаарын тээврийн "L-410NG" загварын нисэх онгоцыг худалдан авахаар болжээ. Үүний зэрэгцээ манай тал Чехийн алдартай "L-39NG Skyfox" байлдааны сургалтын тийрэлтэт онгоцыг худалдаж авах ерөнхий сонирхлоо илэрхийлсэн бөгөөд одоогоор тоо ширхэг, нийлүүлэх хугацааны нарийн тодорхойлолт гараагүй байна.

L-39NG Skyfox
Дрон устгах шинэ чадамж (Phoenix Pod)
Үзэсгэлэнгийн үеэр "Omnipol Group" нь Австралийн "Sinab Technologies" компанитай хамтран бүтээсэн "Phoenix Pod" хэмээх онилогч төхөөрөмжийг танилцуулсан юм. Уг төхөөрөмжийг L-39NG Skyfox болон L-410NG онгоцуудад суурилуулан туршсан бөгөөд үүний тусламжтайгаар тус онгоцууд дайсны нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (UAV/дрон) илрүүлж, устгах бүрэн чадвартай болдгийг үйлдвэрлэгчид онцолжээ.

Phoenix Pod
Монголын Агаарын цэргийн өнөөгийн байдал
Монгол Улс нь Орос, Хятад гэсэн хоёрхон улстай хиллэдэг, далайд гарцгүй өвөрмөц газар зүйн байршилтай хэдий ч НАТО-гийн орнуудтай батлан хамгаалахын идэвхтэй хамтын ажиллагаа хөгжүүлж, АНУ-аас "JLTV" хуягт машинуудыг хүлээн авч байсан түүхтэй.
Гэвч манай улсын нисэх хүчний нөхцөл байдал нэлээд өвөрмөц бөгөөд одоогоор ашиглагдаж буй Оросын талаас 2019-2021 оны хооронд цэргийн тусламжаар үнэ төлбөргүй өгсөн зургаан ширхэг "МиГ-29УБ" (MiG-29UB) онгоц нь манай улсын агаарын довтолгооноос хамгаалах цорын ганц сөнөөгч хүчин бөгөөд нөгөө талдаа шинэ нисгэгчдийг сургах "нисдэг анги" болж зэрэг ашиглагдаж байна. Эдгээр онгоцууд нь "Р-60" болон "Р-73" ойрын зайн агаар-агаар ангиллын пуужингаар зэвсэглэгддэг.
Өмнө нь ашиглагдаж байсан "МиГ-21" онгоцуудыг ашиглалтын хугацаа дууссан шалтгаанаар 2010-аад оны үед зэвсэглэлээс хассан бөгөөд тухайн үед Монгол Улс бие даан шинэ тийрэлтэт онгоц худалдан авах санхүүгийн боломжгүй байсан юм. Мөн манай улсад орчин үеийн зенит-пуужингийн цогцолбор (SAM) байхгүй бөгөөд газрын агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадал нь хуучны "ЗУ-23", "С-60" болон "ЗПУ-4" төрлийн 150 орчим зенитийн их буу бүхий хоёр хорооноос бүрддэг болохыг гадаадын цэргийн шинжээчид дурджээ.
Чехийн "Omnipol" компани 2022 оны дөрөвдүгээр сард Оросын талаас "L-410" тээврийн онгоцны үйлдвэрлэлийг бүрэн буцаан авсан бөгөөд тус компани нь Монголын сонирхож буй "L-39NG Skyfox" онгоцыг үйлдвэрлэгч "Aero Vodochody" компанийн 25 хувийг эзэмшдэг байна.
ТАТАР МАЙДАР





Нийгэм




