Dark Light
Нийгэм | 2026-10-29

ЖАНБОЛАТЫН ТУЛПАРТАЙ ТАНИЛЦ: "МОНГОЛ ТЭСРЭЛТ"

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | The Rider News

Нью-Жерси мужийн Лоуренсвилл хот дахь Райдер их сургуулийн (Rider University) долоо хоног тутмын, хараат бус оюутны цахим сонин The Rider News Монгол оюутан Жанболатын Тулпарыг онцолж, түүнийг багийнхан нь "Монгол тэсрэлт" (Монголын тэсрэх бөмбөг), "чимээгүй алуурчин", "даруухан араатан" гэх зэргээр хочилдгийг онцолжээ.

Жанболатын Тулпарын хувьд Монголоос Райдерт (Rider University) суралцахаар ирсэн нь шинэ боломжуудыг нээж, өөр соёлд дасан зохицож, волейболын спортод гэсэн дурсамж сонирхлоо хэвээр үлдээх боломжийг олгосон байна. 

Компьютерийн ухааны чиглэлээр гуравдугаар курст суралцаж буй Тулпар судалгаа шинжилгээ, дадлагын туршлага хуримтлуулахын зэрэгцээ Райдерийн эрэгтэй волейболын клубт тоглож, мөн нэгдүгээр дивизионы (Division I) эмэгтэй волейболын багийн менежер, бэлтгэлийн тоглогчоор ажиллаж байна.

Тулпар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өссөн бөгөөд хотоо баялаг түүхтэй, технологийн салбар нь хурдацтай хөгжиж буй орчин үеийн хот хэмээн тодорхойлжээ. Тэрээр хүмүүс түүний эх орныг ихэвчлэн буруугаар ойлгодог гэдгийг хэлсэн юм. 

"Энд Америкт олон хүмүүс Монголыг зөвхөн хөдөө нутаг, морьд, уламжлалт нүүдэлчин амьдралаар төсөөлдөг" гэж Тулпар хэлээд, "Гэвч Улаанбаатар бол үнэндээ их дээд сургуулиуд, бизнесүүд, хөгжиж буй технологийн салбартай томоохон хотын төв юм" хэмээн ярьжээ. 

Тэрээр анх Өмнөд Солонгос эсвэл Хятадад суралцахоор төлөвлөж байсан ч боломжуудыг нь харгалзан АНУ-ыг сонгосон аж. Райдерийн цомхон хотхон, компьютерийн ухааны хөтөлбөр болон Филадельфи хоттой ойр байршил нь түүнд маш их таалагджээ. 

"Би Америкийн коллежийн амьдралыг мэдрэхийн зэрэгцээ кампусаас гадуурх боломжуудыг ашиглаж болох юм байна гэж харсан" гэж тэр хэлэв. 

Райдер их сургууль Тулпарт сургуулийнхаа эхний жилээс л мэргэжлийн туршлага олж авах боломжийг олгожээ. Тэрээр нэгдүгээр курстээ "MacMillan" эрдэм шинжилгээний тэтгэлэг хүртэж, профессорын хамт судалгааны төсөл дээр ажилласан байна. Дараа нь тэрээр компьютерийн харааны (computer vision) чиглэлээр мэргэшсэн програм хангамжийн логистикийн "Sphere Global" компани болон Трентон хотын төвийн холбоонд (Trenton Downtown Association) дадлага хийжээ. 

Түүний компьютерийн ухааныг сонирхох сэдэл нь математик, логик, асуудал шийдвэрлэх чадвараас нь эхтэй. Өнөөдөр тэрээр өөрийн техникийн ур чадварыг спортод өгсөн дур сонирхолтойгоо хослуулахыг хүсэж байна. 

"Компьютерийн ухаан нь сэтгэлгээний логик, бүтээлч байдал, технологийг хослуулдаг учраас миний хувьд зүй ёсны сонголт байсан" гэж Жанболат хэлэв.

Монголд байхаасаа л хичээллэж ирсэн волейболын спорт түүний амьдралын чухал хэсэг хэвээр байна. Райдерт тэрээр эрэгтэйчүүдийн волейболын клубт тоглодог бөгөөд багийнхан нь түүнд "Монгол тэсрэлт" (Монголын тэсрэх бөмбөг), "чимээгүй алуурчин", "даруухан араатан" гэх мэт янз бүрийн хоч өгчээ. Түүнчлэн тэрээр энэ жилээс эмэгтэйчүүдийн нэгдүгээр дивизионы багт менежер, бэлтгэлийн дасгалжуулагч болсон байна. 

Тулпар залуу тоглогчдыг дасгалжуулахаас гадна хиймэл оюун ухаан ашиглан волейболын бөмбөгийг хянах, оноо тоолох зэрэг компьютерийн ухааны төслүүдийг боловсруулжээ. Тэрээр технологи хэрхэн спортыг сайжруулж болохыг үргэлжлүүлэн судлахыг хүсэж байна. 

Нью-Жерси дэх амьдралд дасан зохицоход зарим гэнэтийн соёлын ялгаанууд гарч иржээ. Тулпар анх ирэхэд нь хүмүүс маш найрсаг байсанд гайхсанаа хуваалцав. "Би энд хүмүүстэй анх уулзахад тэд үнэхээр халуун дулаанаар угтаж авсан" гэж тэр хэлэв.

Эхний жилдээ тэрээр хүмүүстэй харилцаа тогтоохоос заримдаа эмээж, англиар ярихдаа алдаа гаргахаас санаа зовдог байжээ. Цаг хугацаа өнгөрөхөд тэрээр харилцах, танилцах тал дээр илүү чөлөөтэй болсон байна. Тэрээр сурлагын амжилтад нь Райдерийн тусархаг багш нар ихээхэн тусалсан гэдгийг онцолжээ. "Компьютерийн ухааны тэнхимийн багш нар маш их дэмжлэг үзүүлдэг" гэж Тулпар хэлэв. 

Тулпар Монголд байгаа гэр бүлдээ зочлоогүй бараг гурван жил болж байна. Тэрээр гурван хүүхэдтэй айлын ууган нь бөгөөд хоёр эмэгтэй дүүтэй. Судалгаа, дадлагын ажлын улмаас маш завгүй байсан ч тэрээр ирэх зун гэртээ харихыг хүсэж байгаа аж. Тэр дундаа Монголын уламжлалт буузаа маш их санаж байгаа гэнэ. 

Хэрэв тэр Монголоос Райдер их сургуульд ямар нэг зүйл авчирч чаддаг байсан бол энэ нь соёлынх нь зочломтгой зан, хамт олонч байдал, бусдыг хүндэтгэх үзэл байх болно гэв. "Хүмүүсийг угтан авах, хоол хүнсээ хуваалцах, бусдыг хүндэтгэх нь манай соёлын үнэхээр чухал хэсэг юм" гэж тэр хэлэв. 

Гадаадад суралцахоор төлөвлөж буй олон улсын оюутнуудад хандаж, Тулпар өөрийн ичимхий занг даван туулсан туршлага дээрээ үндэслэн зөвлөгөө өгчээ. "Зоригтой бай, битгий ич. Зүгээр л тайван байж, өөрийнхөө тухай ярьж, хүмүүстэй холбоо тогтоож, танилын хүрээгээ тэл" гэж тэр зөвлөв. 

Клубын волейболын тэмцээний үеэр Тулпартай танилцсан, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлийн хоёрдугаар курсын оюутан Труден Дельгадо хэлэхдээ, спорт нь түүнтэй адил сонирхолтой хүмүүстэй холбогдоход тусалсан гэжээ. "Тэр сайн мэдэхгүй хүмүүстээ маш чимээгүй, боловсон залуу шиг харагддаг" гэж Дельгадо хэлээд, "Гэхдээ түүнийг илүү сайн таниад ирэхээр тэр үнэхээр хөгжилтэй хүн" хэмээн ярьжээ. 

Эрдэм шинжилгээний эрэл хайгуул, волейболын спорт болон соёлын туршлагаараа дамжуулан Тулпар Райдерт эх орноосоо хол ч гэлээ өөрийн гэсэн дулаахан орчныг бүрдүүлсээр байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08