Шатахууны шуурхай штабын хуралдаанаар сүүлийн өдрүүдэд үүсээд буй шатахууны түгээлт, шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа болон замын хөдөлгөөний ачаалалтай холбоотой асуудлыг хэлэлцэж, шуурхай арга хэмжээ авч ажиллах шийдвэр гаргалаа.
Шалгалтаар зарим шатахуун түгээх станц шатахууны үлдэгдэлтэй атлаа олголтоо дур мэдэн зогсоосон асуудал илэрсэн. Үүнтэй холбоотойгоор үлдэгдэл шатахууныг иргэд, жолооч нарт хэвийн олгуулах арга хэмжээ авч ажиллана.
ШАТАХУУН ОЛГОЛТ, ТҮГЭЭЛТЭД ТАВИХ ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАНА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдэд бодит мэдээлэл хүргэх, олголтыг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Шатахуун түгээж буй станцуудад өнөөдрөөс улсын байцаагчдыг томилон ажиллуулж, олголт, түгээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих;
- Шатахууны үлдэгдэл, олголтын мэдээллийг Benzin.mn сайтад үнэн зөв, цаг тухайд нь шинэчилж, иргэдийг бодит мэдээллээр хангах;
- Шатахууныг боломжит түгээх хошуугаар зэрэг, тасралтгүй олгож, шаардлагатай станцуудын ажиллах цагийг 24 цаг болгон зохион байгуулах;
- Талоноор шатахуун олгож буй асуудлыг шалгаж, олголтыг шуурхай, хүртээмжтэй зохион байгуулах;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тэдний асран хамгаалагчдад дараалал харгалзахгүй үйлчилж, холбогдох байгууллагаас байцаагч томилон хяналт тавиулах.
ЗӨРЧИЛ ГАРГАСАН ААН-ҮҮДЭД ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО
Монополын эсрэг газраас шатахууны үлдэгдэлтэй атлаа олголтоо дур мэдэн зогсоосон аж ахуйн нэгжүүдэд хуулийн хүрээнд арга хэмжээ авч байна. Одоогоор хоёр хэрэгт Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд “Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчлийн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Мөн “Петровис” компанийн нэг түгээгч хувийн дансаар төлбөр авч шатахуун борлуулсан гэх асуудлыг шалгаж байгаа аж. Өчигдөр ижил төрлийн зөрчил гаргасан шатахуун түгээх станцуудад ч хуульд заасан арга хэмжээ авч ажиллахаа холбогдох байгууллагаас мэдэгдлээ.
Түүнчлэн шатахууныг дамлан худалдаалах зөрчлийг таслан зогсоож, аж ахуйн нэгжүүд дотоод хяналт, зохион байгуулалтаа сайжруулахыг үүрэг болголоо. Түгээгч, эрхлэгч нар хууль бус борлуулалтад оролцсон нь тогтоогдвол хөдөлмөрийн хууль тогтоомж, холбогдох журмын хүрээнд хариуцлага тооцох шаардлагатайг анхааруулав.
ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Ирэх арваннэгдүгээр сард ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан улсаас нийт 92.5 мянган тонн шатахуун захиалсан байна.
Мөн Толгойт өртөөнд байгаа вагон-цистернүүдийг яаралтай татан авч, буулгалт, түгээлтийг эрчимжүүлэх ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгахыг холбогдох албаныханд даалгалаа.
Шатахууны хангамж, түгээлттэй холбоотой асуудлыг амралтын өдрүүдэд цэгцэлж, дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн, Шуурхай штабын шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахыг
Шатахууны шуурхай штабын дарга, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үүрэг болголоо.
АДМИН




Нийгэм





