Dark Light
Улс төр | 2025-12-18

Х.БАТТУЛГЫНХАНТАЙ ХАМТ ЗОГСОЖ БАЙГААД “ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛНА” ГЭСЭН НЬ О.ЦОГТГЭРЭЛИЙН БҮТЭЛГҮЙ УЛС ТӨР ҮҮ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
АН-ынхан 2027, 2028 он угтсан богино зайны улс төрөө хэдийн эхлүүлсэн. Тэдний гол бай нь МАН, АН дахь нүүрсний бүлэглэл биш, “Эв нэгдэл нэрийн дор нүүрсний хулгайтай эвлэрэхгүй” гэж мэдэгдсэн Г.Занданшатарын Засгийн газар юм. УИХ дахь олонх “Итгэл үзүүлэхгүй” гэсэн санал өгч, өөрийг нь Ерөнхий сайдаас огцруулахын өмнөхөн Л.Оюун-Эрдэнэ хүү, бэр хоёрынхоо тансаглал хийгээд гэр бүлийнхээ орлогыг нотлохын оронд АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах тухай шийдвэрийг МАН-ын Бага хурлаас гаргуулж байв. Харин үүний хариуд АН-ын дарга асан Л.Гантөмөр “Наяад оныхонд итгэлтгүй юм байна” хэмээн Төрийн ордонд сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлж байлаа. Л.Оюун-Эрдэнийн эсрэг олон нийтийн эсэргүүцэл ширүүсэж, ордны улс төрд гал авалцаж байсан тэр үед хамтарсан Засгийн газрын тэргүүнээ хэвлэлийнхний өмнө өмөөрч зогссон Л.Гантөмөрт үүнээс өөр хэлэх үг олдоогүй биз.
 
Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үнэмлэхүй эрх мэдэлтэй Ерөнхий сайд байсан. Танхимаа бүрдүүлэх, хууль хяналтын байгууллагууд, төрийн өмчит компаниудын удирдлагуудыг томилох нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын тэргүүний бүрэн эрх. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөхөн АН, ХҮН намын дарга нартай санамж бичиг байгуулсан. Харин МАН сонгуульд ялсны дараа АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулж, төрийн өмчит компаниудад бүтээмж хариуцсан менежерүүдийг томилсон. Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулиар олгосон үнэмлэхүй эрх мэдлээ хадгалахын тулд 400 бүтээмж хариуцсан менежер томилж, МАН, АН, ХҮН намынханд албан тушаал бэлэглэх тухай мэдээлэл улс төрийн хүрээнд гарч байв. АН УИХ-д 42 суудалтай том сөрөг хүчин. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ тус намынханд найман сайдын суудал бэлэглэж, Л.Гантөмөрийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилж байлаа. Өөрөөр хэлбэл, АН Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын халаасны нам болон хувирсан.
 
Оюутолгойн нээлттэй сонсголын үеэр сошиал фанатууд нь Монголын хамгийн ухаантай, боловсролтой хүнээр тодруулсан С.Баярцогт өчигдөр (2025.12.17) телевизэд ярилцлага өгөхдөө “Манай нам 2024 оны сонгуульд ялах боломжтой байсан ч тухайн үеийн удирдлагууд намаа ялуулахыг хүсээгүй” гэв. Ортой л үг. Гэвч Л.Оюун-Эрдэнэтэй санамж бичиг байгуулж, өнгөрсөн сонгуулийн үеэр Өвөрхангайд гарсан хүн амины хэргийн дараа мөн л Л.Оюун-Эрдэнэтэй “жич” уулзалт хийж, “Намынх нь нэр дэвшигчид том тойргуудад ана мана үзэлцэж байхад Л.Гантөмөр утсаа салгаад алга болсон” гэж лайвчин Д.Мөнх-Эрдэнийн хурц шүүмжлэлийн бай болж байсан Л.Гантөмөр МАН-ыг ялуулж, АН-ыг ялагдуулсныхаа шагналд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдож байсан. Харин УИХ-ын 2024 оны сонгуулийн зургийг зуралцаж, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар улиран томилогдох улс төрийн замыг засалцсан Х.Баттулга УИХ-д кнопчидоо оруулж, “Эрдэнэт үйлдвэр”, “Улаанбаатар төмөр зам”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрийн өмчит компаниудад фракцынхаа төлөөллүүдийг бүтээмж хариуцсан менежерээр томилуулсан. Банкны салбараас улс төрд “З.Энхболдын хүн” гэх тодотголтойгоор анх хөл тавьж, АН-ын ҮБХ өөрийг нь сонгуульд нэр дэвшүүлээгүйд шаралхсандаа тайзан дээр микрофон булаацалдаж зогссон З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болгож байв. Л.Оюун-Эрдэнэ ийнхүү эрх мэдлээ хадгалахын тулд Х.Баттулга, Л.Гантөмөр нартай албан тушаал наймаалцсан нь төр данхайх нэг шалтгаан байлаа. Харин одоо Ерөнхий сайд Г.Занданшатар.
 
Г.Занданшатар Ерөнхий сайдаар анх томилогдохдоо “Данхар төрийг цомхотгож, төсөвт тодотгол хийнэ” гэж мэдэгдсэн. Тэрбээр “Би үнэн байна. Тоо худлаа хэлдэггүй” гэж байгаад Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед батлагдсан улсын төсөвт тодотгол хийж, хоёр их наяд төгрөг хэмнэснээ зарласан. Эрх баригч хүчин дэх хагарал намрын халуун улс төрийг ид өрдөж байхад Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмч нарын цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг найман хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ” гэж байлаа. Нүүрсний хулгайтай холбоотой бүх гэрээг төрийн нууцаас гаргаж, Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хэсэг байгуулж “Монгол Улс 2026-2027 онд эдийн засгийн 5.2 хувийн өсөлттэй байх төлөвтэй. Авлига, хулгайтай тэмцсэнээр илүү өндөр өсөлт үзүүлэх боломжтой” гэсэн нь Г.Занданшатарын Засгийн газрын байр суурь. “Тоо худлаа хэлдэггүй” гэдэг слоган үгтэй Ерөнхий сайдын үед “Их гурвал” буюу Moody’s, Fitch, S and P Монгол Улсын зээлжих зэрэглэлийг түүхэн дээд хэмжээнд үнэлсэн нь өнгөрсөн намар. “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс критикал минералс”, Дулааны III цахилгаан станц”, “Дулааны IV цахилгаан станц”, “МИАТ”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Төрийн банк” зэрэг төрийн өмчит 18 компанийг нээлттэй хувьцаат компанит болгоно. Харин үүний дараа буюу өчигдөр (2025.12.17) Засгийн газар 16 дэд сайдыг томилох шийдвэр гаргасан нь 2027, 2028 оны сонгуулиас өмнө ард түмнээс амжиж оноо цуглуулах гэсэн АН-ынхныг Төрийн ордон дахь индрийн ард эгнэж зогсоход хүргэлээ.
“Дэд сайд нарын томилгоог цуцлахгүй бол Засгийн газрыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ”. О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхны хийсэн мэдээллийн гол утга нь энэ. С.Баярын стандарт бус Засгийн газарт таван сайдын суудлаар наймаалцаж, Тэргүүн шадар сайд болж байсан Н.Алтанхуягийн түүхийг Л.Гантөмөр давтаж, Л.Оюун-Эрдэнээс найман сайдын суудал бэлгэд авахад таг чиг байсан О.Цогтгэрэл дээрх мэдээллийг хийхдээ Х.Баттулгынхан болох Ж.Батсуурь, Н.Ганибал нартай хамт зогсжээ. Ардаа ТЭСО гэх хувийн бизнестэй, Х.Баттулга, Д.Дорлигжав зэрэг эрх ашиг зөрчилддөг олон эзэнтэй О.Цогтгэрэл АН-ын даргын албыг УИХ дахь АН-ын бүлгийн даргынхтай хамт хашиж байгаа. АНУ-д саяхан Ц.Элбэгдоржтой уулзаад ирсэн түүнийг намынхан нь “Тал талд очиж тал засах гээд гүйх. Жинхэнэ лидер бол талуудыг нэгтгэн зангидах ёстой” гэж шүүмжилдэг. Г.Занданшатарын Засгийн газар 16 дэд сайд томилсон нь О.Цогтгэрэлийн хувьд АН дотроо хүлээн зөвшөөрөгдөж, нэмэх оноо авах гэсэн богино зайны тоглолт төдий юм. Учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед бүтээмж хариуцсан менежерүүдийн албан тушаалыг АН-д бэлэглэж байсан. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцрохынхоо өмнөхөн АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах тухай МАН-ын Бага хурлын шийдвэрийг гаргуулсан. Улс төр дэх наяад оны төлөөлөл болох Л.Оюун-Эрдэнэ огцорсноор УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө МАН, АН, ХҮН намын дарга нарын байгуулсан санамж бичиг хүчингүй болсон. Хамтарсан Засгийн газрын түүх эцэс болсны дараа АН-ынхан О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын дарга Н.Учрал. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын дарга Н.Учрал нар О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынханд өргүй гэсэн үг. Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нарын наймаа болох бүтээмж хариуцсан менежерүүдийг чөлөөлж, дэд сайд нарыг томилох болсонтой зэрэгцэн Х.Баттулгын фракцынхантай хамт “Засгийн газрыг огцруулна” хэмээн мэдэгдсэн нь АН-ынхнаасаа нэмэх оноо авах гэсэн О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү, аль эсвэл ард нь Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар “түлхүүрдэв” үү...
С.Тулга

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21