2025 оны 12 дугаар сарын 19-ний баасан гарагт Улсын Их Хурлын ажлын хэсэг болон чуулганы нэгдсэн хуралдаан товлогдоод байна.
Өдрийн эхэнд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэд байгуулагдсан ажлын хэсэг 12.00 цагаас “Үндсэн хууль” танхимд хуралдана. Тус ажлын хэсэг нь Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй юм.
Үүний дараа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, хэд хэдэн чухал хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, асуулт, хариултыг 120 минутын хугацаанд явуулахаар товлосон байна. Энэхүү төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025 оны долоодугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны долоодугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэж, 90 минутын хугацаанд асуулт, хариулт явуулахаар төлөвлөсөн байна.
Үүнээс гадна чуулганы нэгдсэн хуралдаанаар бусад асуудлыг хэлэлцэх юм.
Б.АМАРТҮВШИН








Улс төр









