УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үеэр холбогдох сайд, дэд сайд нар чуулганд оролцохгүй байгааг шүүмжилж, уул уурхайн салбарын бодлого, лиценз олголт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо бүрэн алдагдсаныг онцоллоо.
Тэрээр, “МАН-ын дарга, УИХ-ын дарга Н. Учрал дарга аа. Танай нам удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд сайд нь завгүй үед УИХ-ын чуулганд асуултад хариулдаг чухал албан тушаал гэж хэлээд 16 сайд томилсон. “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын гишүүн өргөн барьсан. Асуудлыг хэлэлцээд явъя гэхээр огт сайд нь байхгүй. Би лав сайд олж харахгүй байна. Уул уурхайн сайд чинь ч алга байна. Бөөн зардал чирэгдэл болоод данхар төр бий болгож байгаад томилсон дэд сайд нар чинь ч алга байна. Үүн дээр УИХ-ын дарга та УИХ-ын дарга байр сууринаасаа хариуцлагатай байлгахгүй бол сүүлдээ хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн орж ирээд УИХ-д асуултад хариулах гэж байна гэдгийг анхаараад өгөөрэй.
“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлыг яривал салбарын уялдаа холбоо ерөөсөө байдаггүй. Уул, уурхайн яам “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар” лиценз олгоод явуудаг нөгөөх нь нийслэл дээр ирээд давхцал гарчихдаг. Уялдаа холбоогүй. Уялдаа холбооны чиглэлд E-Mongolia, Цахим Монгол гэдэг юм уу? Бөөн юм болоод байдаг байгууллагууд нь датагаа нэгтгэдэг ч юм уу? Мэдээллүүдээ нэгтгэх чиглэлд ажиллахгүй бол асуудал гацчихдаг.
“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийг өргөн барьсан байх. Ер нь ашигт малтмал гээд ярихад нийгэмд дагуулдаг хар сэлтэй асуудал хайгуулын ч бай, ашиглалтын ч бай нэг тусгай зөвшөөрөл өгдөг тухайн объектодоо очоод хайя, ашиглая гэхээр хайлгадаг ч гүй, ашиглуулдаг ч гүй. Олон байгаль хамгаалагч нар гараад ирдэг. Ухуулна, ухуулахгүй. Хортой, хоргүй гэх мэт бөөн асуудал ярьдаг. Төр энэ лицензээ өгч байгаа юм бол лицензийн эзэн ийм ажлаа хий. Орон нутаг энэ ажлаа хий. Иргэд хяналтаа тавь. Ухуулна, ухуулахгүй гэдгээ лиценз олгохоосоо өмнө шийддэг байх хэрэгтэй. Монгол улс хүссэн, хүсээгүй уул уурхайн орон. Одоо нийгэмд харахад “Эрдэнэс таван толгой” “Оюутолгой” хоёр л лицензийн маргаангүй байх шиг байна. Бусад нь лицензийн маргаантай ажлаа хийж чаддаггүй. Энэ асуудлаар Уул, уурхайн сайд, дэд сайдтай нь ярья гэхээр байхгүй. Хэнтэй ярих вэ? Ийм хариуцлагагүй баймааргүй байна УИХ-ын дарга аа. Уялдаа холбоогоо сайжруулъя” гэв.
Б.БИЛГҮҮН








Улс төр








