Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цаг үеийн асуудлаар тайлбар өглөө.
БНСУ-ын Засгийн газраас Монгол Улстай хэрэгжүүлж ирсэн визгүй зорчих зохицуулалтыг дахин гурван жилээр сунгах эсэх асуудлаар биднээс албан ёсны байр суурь асуусан. Өмнө нь хоёр удаа, тус бүр гурван жилийн хугацаатай визгүй зорчих боломж олгосон бөгөөд одоогийн хугацаа дуусах гэж байна. Энэ талаар Монголын тал одоогоор эцсийн хариу өгөөгүй байна.
Бид БНСУ-ын Засгийн газраас тодорхой асуудлуудыг шийдвэрлэхийг хүсэж байгаа. Тухайлбал, манай иргэдийн ангилал визний журмын хувьд доогуурт тооцогдож байгаад санаа зовниж байна. Үүний шалтгаан нь хууль бусаар оршин суух, визний хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох тохиолдол буурахгүй байгаатай холбоотой. Мөн нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрсэн тохиолдолд БНСУ өөрийн журмаар визгүй зорчих нөхцөл бүрдүүлдэг зохицуулалт байдаг.
Иймээс бид бүх иргэдийн визийг нэг дор чөлөөлөх асуудлыг ярих нь бодит бус гэж үзэж байгаа. Харин шат дараатай, бодит хэрэгцээнд суурилсан хөнгөлөлтүүдийг эхний ээлжид хэрэгжүүлэх санал тавьж байна. Үүнд, эрүүл мэндийн зорилгоор БНСУ-д зорчиж буй, ялангуяа хүнд өвчтэй иргэдийн визийг хурдан шуурхай олгох, асран хамгаалагчийг хамтад нь визжүүлэх, мөн байнгын харилцаатай бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн удирдлага, худалдаа хариуцсан менежерүүдэд визийн хөнгөлөлт үзүүлэх хүсэлтийг тавьж байгаа юм.
Эдгээр асуудлыг сүүлийн гурван жилийн хугацаанд тогтмол тавьж ирсэн. Саяхан БНСУ-ын дэд сайд манай улсад айлчилсан. Би тус улсын Гадаад харилцааны сайдтай хоёр удаа уулзахдаа, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр ч энэ асуудлыг хөндөн тавьсан. Үүний дараа БНСУ-ын иргэдэд визийн ямар зохицуулалт хэрэгжүүлэх вэ гэдгийг Монголын тал дахин нягталж шийдвэрлэнэ.
Австрийн өргөмжит консулийн асуудлын тухайд, дэлхийн жишгийн дагуу тухайн улсад Элчин сайдын яамгүй тохиолдолд тухайн орны иргэнийг сонгон өргөмжит консул томилдог. Монгол Улс 193 НҮБ-ын гишүүн орноос 50 улсад л дипломат төлөөлөгчийн газартай байдагтай адил Австри улс ч Монголд Элчин сайдын яамгүй. Иймээс 2003 онд Монгол Улсын иргэн Сэргэлэнг Австрийн өргөмжит консулаар томилсон.
Өргөмжит консул нь цалин, хангамж авдаггүй, дипломат эрх ямба эдэлдэггүй бөгөөд тухайн улсын Засгийн газрын эрх ашиг, иргэдийн асуудал, бизнесийн харилцааг дэмжих чиглэлд сайн дурын үндсэн дээр ажилладаг. Тиймээс хэрэв хууль хяналтын байгууллагаас шалгах шаардлага гарвал Монгол Улсын иргэний хувиар шалгах бүрэн боломжтой.
Хэрэв шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож, холбогдох баримт манай яаманд ирвэл Монгол Улсын Засгийн газар Австрийн Засгийн газарт албан ёсоор мэдэгдэж, уг хүнийг эргүүлэн татах асуудлыг тавих боломжтой. Харин өнөөдрийн байдлаар Филиппиний иргэдтэй холбоотой гэх мэдээлэл манай яаманд албан ёсоор ирээгүй, ар гэрээс нь ч хандалт хийгдээгүй тул гэм бурууг нь тогтоогоогүй нөхцөлд ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй байна.
Австрийн Засгийн газраас ч энэ асуудлаар одоогоор албан ёсоор тодруулга ирээгүй. Өргөмжит консулын хугацааг тухайн улс өөрөө шийддэг бөгөөд 2003 оноос хойш сунгагдан хэрэгжиж ирсэн.
Эцэст нь хэлэхэд, өргөмжит консул нь Монгол Улсын томилсон төрийн албан тушаалтан биш тул хэвлэл, олон нийтийн мэдээлэлд үндэслэн шууд хариуцлага тооцох боломжгүй. Энэ бол олон улсын нийтлэг зарчим бөгөөд дэлхийн бүх гадаад харилцааны яам ижил байр суурь баримталдаг.
Б.АМАРТҮВШИН








Улс төр









