УИХ-ын чуулган хуралдаж байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Хувьцааг биржээр дамжуулан хувьчлах асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ бид хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Төр нь бүгдийг хийдэг, бүгдийг чаддаг, бүгдийг авдаг байж болохгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг төр үйлдвэрлэж байна гэдэг нь бараг социалист улс байгаад байна. Бид социалист улс биш шүү дээ. Чөлөөт эдийн засгийг сурталчилсан, Үндсэн хуульдаа заасан улс. Гэтэл социалист улс шиг ДНБ-ээ 74 хувийг төр үйлдвэрлэ байна. Үүнийг болих хэрэгтэй. Өнөөдөр төрд 120 их наядын хөрөнгө байна. Төсвөөс гадуур төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дээр маш их хэмжээний хөрөнгө байна. Үүнийг дагасан хулгай, луйвар мөнхийн яригддаг. Ер нь дэд сайд болж байгаад төрийн өмчит компанийн захирал болъё гэдэг аман яриа ч байдаг шүү дээ. Энэ юу гэхээр төсвөөс гадна маш их хэмжээний мөнгө үрэн таран, хяналтгүй байгааг л харуулж байгаа юм. Хариуцлага тооцдоггүй. Хариуцлага тооцох гэхээр бие биеэ чагталчихдаг. Энэ миний хүн, тэр чиний хүн. Миний хүн хөндөгдөх юм бол чиний хүнийг хөндөнө гэдэг байдлаар эрх баригчид нь ханддаг. Төрийн өмчит компанийн захирлууд нь бүгд намаас хамааралтай. Намаас томилогддог. Ийм байдалтай байхад бид төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажиллана гэж тооцохгүй. Сайдаас буугаад төрийн өмчит компанийн захирал болдог. Төрийн өмчит компаниасаа буугаад сайд болдог. Ийм гажиг тогтолцоог эрх барьж буй нам сүүлийн 10 жил хийчихлээ л дээ. Одоо үүнийгээ харж ухаарч байгаа нь яамай л гэж бодож байна. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс тавантолгой гэдэг хоёр компанийн нэг жилийн худалдан авалт улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэг жилийн зардалтай тэнцэж байгаа. Улсын төсвийн худалдан авалт төрийн өмчит компаниудын худалдан авалтууд тэнцсэн гэсэн үг. Ийм байхад бид хэзээ ч чөлөөт эдийн засаг, төрийн оролцоог тасална гэж байхгүй. Төрийн өмчит компаниуд энэ утгаараа тэр чигээрээ мафи болсон. Төрийн өмчит компанийн хөрөнгө нь сонгуульд зарцуулагддаг. Тухайн сайдынхаа үйл ажиллагаанд явдаг. Сонгуулиас өмнө сурталчилгааны материал тараадаг. Төрийн өмчит компаниудын захирлууд томилсон их хурлын гишүүн, сайд нарынхаа өмнөөс үүргийг нь гүйцэтгэж тэнд уулзалт хийдэг. Ийм болчихсон тохиолдолд бид Төрийн өмчит компаниудыг нэг шинэчлэхээс өөр аргагүй.
-ШАХААНЫ ХУЛГАЙ АЛГА БОЛСОН-
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт: Ө.Шижир гишүүн төрийн өмчит компаниудад байгаа олон нийтийн шүүмжилдэг, хардаж буй хандлагын талаар ярьж байна. Бодитой ийм асуудлууд байгаа. Энэ асуудлууд өмнө нь байсан. Үүнийг цэгцлээд л явж байгаа. ДНБ-ий 74 хувьтай тэнцэх хөрөнгө төрийн өмчит компаниудад байна. Энэ хэтэрхий өндөр байна гэж үзэж байгаа. Үүнийг бууруулахын тулд өнөөдрийн хувьчлах үндсэн чиглэл орж ирсэн. Ер нь Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж, төрийн өмчит компаниудын хөрөнгө хэд вэ гээд тоолбол хэдэн их наядаар хэмжигдэх байх. Тийм ч учраас ДНБ-ий шүү гэж Ө.Шижир гишүүнд залруулж хэлье. Нийт хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийн хөрөнгийг төрийн өмчит компаниудын хөрөнгөтэй харьцуулбал харьцангуй бага байх. Үүнийг харьцуулж тоог нь гаргаж өгье. Худалдан авалттай холбоотой асуудлууд байдаг байсан. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрт шахаа хийдэг, бараа материал нийлүүлдэг гээд маш олон жил яригдсан худалдан авалтын хулгай байсан. Энэ Ёндон захирлын үед алга болсон. хиймэл оюун ухаан ашиглаж худалдан авалтын тендер зохион байгуулж, хувь хүний оролцоогүй болгосон. Одоо энэ шахааны хулгай алга болсон. Баяжмалын хулгай гэж ярьдаг. Нууцаар шууд гэрээ хийгээд, баяжмалыг худалдан аваад, цаашаа өндөр ашиг олж зардаг байсан. Үүнийг биржээр дамжуулж зардаг болсон. Үүний үр дүнд шахааны хулгай алга болсон. Овоолгын хулгай гэж ярьдаг. Эрдэнэтийн үүсмэл ордууд дээр хувийн хэвшлийнхэн ажиллаад асуудал болдог байсан бол үүнийг төрд тодорхой хувийг авч, овоолгын хулгайг цэгцэлж байгаа. Мөн Эрдэнэс тавантолгой нүүрсний хулгайн асуудал. Урьд шууд гэрээ хийгээд хэтэрхий бага үнээр нүүрс нийлүүлдэг байсан. Энэ 584 гэрээг бүгдийг нь ил тод болгосон. Одоо цөөхөн ганц, хоёрхон гэрээ үлдсэн байгаа. Урьд хэн яаж зах зээлийн үнээс хямд үнээр худалдаж аваад, ямар үнээр зардаг байсан нь ил болсон. Иймэрхүү байдлаар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, худалдан авалтыг ил тод болгох, ажлууд хийгдэж байгаа.
С.ОТГОНБАЯР








Улс төр









