УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.30/-ийн хуралдаанаар, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 09 дүгээр дүгнэлттэй танилцлаа. Энэхүү дүгнэлтээр, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн юм. Үндсэн хуулиар Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүний 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор зохицуулсан. Энэ хүрээнд нам нь сонгогчдын өгсөн нийт саналын 4 хувь, хоёр намын эвсэл 5 хувь, гурав, эсхүл түүнээс дээш намын эвсэл 7 хувийг авсан тохиолдолд суудлыг хувь тэнцүүлэн авах, түүнчлэн уг босгыг даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмэхээр хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
Үргэлжлүүлээд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Цэцийн 10 дугаар дүгнэлтэд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалт нь Үндсэн хуулийн 16,17 дугаар зүйл заалтыг зөрчсөн гэж үзсэн. УИХ Цэцийн дүгнэлтийг авч хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дүгнэлтийг хүлээж авахыг дэмжлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 25 хүн материалаа ирүүлснээс, хоёр нэр дэвшигч байнгын хорооны босгыг давж, томилгооны сонсгол болсон. Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонхын санал авсан Х.Эрдэм-Ундрах , Ч.Баянжаргал нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. ШЕЗ-ийн Шүүгч бус 4 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул чөлөөлж, үлдсэн хоёр гишүүнийг томилох асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр боллоо. Санал дэмжигдсэн тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
АДМИН







Улс төр








