Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, гишүүд өнөөдөр /2026.01.16/ Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцсаны дараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газарт үргэлжүүлэн ажиллав.
Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалт арга хэмжээний эхэнд, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн татварын шинэчлэлийн хүрээнд татварын хялбаршуулсан горим нэвтрүүлж, татвар төлөгчдийг бичил, жижиг, дунд, том гэж ангилан, тэдгээрийн онцлогт тохирсон татварын бодлого, стратеги хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь онцлог зохицуулалт байсан гэв. Гэхдээ бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалт, татварын орчин болон татварын хамрагдалтын байдалтай холбоотой асуудлыг оновчтой шийдвэрлэх шаардлага үүссэн тул Байнгын хороо татварын хуулиудыг боловсронгуй болгох хуулийн төслүүдэд туссан өөрчлөлт бүрд онцгойлон анхаарч, татвар төлөгчдөд ээлтэй, хууль тогтоомжийн давхардал хийдэл, зөрчилгүй хууль батлах чиглэлд ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Уулзалт, арга хэмжээнд “Татварын албаны 2025 оны үйл ажиллагаа”-ны талаар Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цогтнаран, “Татварын хуулиудад оруулах нэмэлт, өөрлөлтийн төсөл”-ийн талаар тус газрын Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуун, “Татварын цахим системийн шинэчлэлийн хүрээнд хийж байгаа ажлууд, Е-баримтын систем, цаашдын арга хэмжээ”-ний талаар “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын дарга Б.Наранбаатар нар тус тус мэдээлэл хийлээ.
Татварын ерөнхий газар 2025 онд “Зөвлөн туслагч татварын алба” гэсэн зорилтыг тавьж ажилласан бол энэ жил “Хэрэгцээнд нь үндэслэсэн зөвлөгч алба” зорилтын хүрээнд ажиллаж байгаа аж. Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 286 мянган татвар төлөгч аж ахуйн нэгж, хуулийн этгээд, 2.5 сая иргэн татвар төлөгчөийн бүртгэлтэй байгаа аж.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Мэдээлэл, хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Р.Батболд, Г.Ганбаатар, Л.Соронзонболд, Дав.Цогтбаатар, Д.Энхтүвшин нар төсвийн орлого бүрдүүлэлт, төлөвлөлт болон хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудал, татварын бааз суурийг өргөжүүлэх талаар хөндөж, татварын орчныг боловсронгуй болгох асуудлаар санал солилцов.
Мөн гишүүд хүн бүр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болоход цахим системийн хувьд ачаалал даах, бэлэн байдлыг хангасан эсэх, хүний нөөцийн чадавх, хүрэлцээ болон татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаа, бодлогын алдаа оноо, туршлага сургамж дээрээ тулгуурлаад тодорхой дүгнэлт хийсэн талаар лавлаж байлаа.
Байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалт арга хэмжээг хааж, үг хэлсэн. Тэрбээр, хэдийгээр гадаад, дотоодод улс төрийн нөхцөл байдал, эдийн засаг амаргүй байгаа ч гэсэн төсвийн орлогыг бүрэн биелүүлж ажиллах нь татварын байгууллагын гол үүрэг гэдгийг онцлов. Мөн татварын бааз сууриа нэмэгдүүлэх, өр, төлбөрүүдийг барагдуулахад онцгой анхаарч, тодорхой төлөвлөгөө, гаргаж ажиллах шаардлагатай байна гэлээ. Мөн татварын салбарт цахим шилжилтийг эрчимжүүлж, их өгөгдөлд суурилсан мэдээлэл системийг бүрдүүлэх, хиймэл оюун ухааныг ашиглан татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг илрүүлэх, татвар хураалт, ногдуулалтад илүүтэй ашиглах нь зүйтэй гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Б.АМАРТҮВШИН







Улс төр







