Dark Light
Улс төр | 2026-01-17

ТБХ: ГЕГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудалд нь хамаарах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах хүрээнд өнөөдөр /2026.01.16/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газарт ажиллав.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар  тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд эхлээд Гаалийн ерөнхий газрын удирдлага, албан хаагчидтай уулзав. Уулзалт, арга хэмжээг нээж, Байнгын хорооны дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал нийгмийн хүлээлт, улс орны эрх ашиг, цаг үеийн хэрэгцээ шаадлагыг нарийн мэдэрсэн, хүний эрхийн бодлого, эдийн засгийн эрх чөлөө, татварын шударга, тэгш таатай орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

 

Мөн Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хорооноос хэлэлцүүлэн батлуулсан хууль тогтоолын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хаврын ээлжит чуулганаар төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, татвартай холбоотой хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж буй талаараа танилцуулсан.

Уулзалт, арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Р.Батболд, Г.Ганбаатар, Л.Соронзонболд, Дав.Цогтбаатар, Д.Энхтүвшин, Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран, дэд дарга Г.Энхтайван болон албаны бусад хүмүүс оролцов.

Дараа нь Байнгын хорооны дарга, гишүүд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх “Шуурхай хяналтын төв”, “Гаалийн төв лаборатори”-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Үргэлжлүүлэн тус газрын “2025 оны үйл ажиллагаа, төсвийн орлогын гүйцэтгэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаарх товч мэдээллийг сонслоо.

Тус газрын дэд дарга Г.Энхтайван 2025 оны үйл ажиллагааны талаарх танилцуулгадаа, гадаад худалдааны бараа эргэлт статистик дүнгээрээ 27 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс 15.7 тэрбумыг экспорт, 11.3 тэрбум ам.доллар нь импортын чиглэлд байж, худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын эерэг дүнтэй гарсныг онцолж байлаа. Гэсэн хэдий ч гадаад худалдааны тэнцлийн өсөлтийн үзүүлэлтийг өнгөрсөн 2024 оныхтой харьцуулахад 1.8 хувийн бууралттай байгаа аж. Гаалийн ерөнхий газраас макро түвшинд 12.3 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүн орж ирнэ гэж төсөөлсөн  хэдий ч  өнгөрсөн онд 300 орчим сая төгрөгөөр импорт дутуу байсан нь төсвийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэхэд сөрөг нөлөө үзүүлсэн хэмээн тайлбарлаж байлаа.

Мөн тэрбээр гаалийн байгууллагаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, улсын төсвийн гаалийн орлого, гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ, батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг шинэчлэн найруулах, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай талаараа танилцуулсан.

 

Мэдээлэлтэй танилцсаны дараа Байнгын хорооны гишүүд гаалийн байгууллагын ажилтнуудын ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хөндөхийн зэрэгцээ төсвийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэл, боомтын болон үйл ажиллагааны шинэчлэл, цахимжилт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх талаар асуулт асууж, санал солилцсон. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд гаалийн байгууллагаас бүрдүүлэлт, хяналтын үйл явцыг хялбаршуулах, баталгаат байдлыг нь хангах нь нэн тэргүүний чухал асуудал гэдгийг онцлоод боомтуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд дотоод нөөц бололцоо, гадны зээл, тусламжийг дайчилж, чамгүй үр дүнд хүрсэн хэдий ч үүнийг цаашид ахиулахад анхаарах нь зүйтэй гэв.

 

Мөн гаалийн байгууллага хэл ам дагуулдаг эрсдэлтэй салбар тул үйл ажиллагаагаа ил тод байлгахад ямагт анхаарч, шийдлийг зөв гаргаж, улмаар хүний хүчин зүйл, оролцоо багатай, техник технологт тулгуурлан чиглүүлэх шаардлагатай байна гэж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд гаалийн байгууллага үйл ажиллагаандаа салбарын хууль энэ тэр гэж ялгалгүй, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй  бүх хуулийг сахин биелүүлэх ёстойг анхааруулж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран импорт буурсан хэдий ч, онлайн худалдаагаар чамгүй их бараа бүтээгдэхүүн орж ирдэг тул  энэ асуудалд бусад улсын туршлагыг судалж, цахим  худалдаанаас татвар авах талаар санал хэлсэн. 

Улсын  Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалт, арга хэмжээг хааж хэлсэн үгэндээ, гаалийн байгууллагын албан хаагчид, ялангуяа удирдах ажилтнууд авлига, ашиг сонирхлын аливаа зөрчлөөс ангид, хууль ёсыг чанд сахиж, хариуцлагатай байж, Төсвийн тухай хуулийн хүрээнд улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглан хүний оролцоогүй, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр явуулдаг болоход анхаарч ажиллахыг хүсэв. Мөн  эл салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход Байнгын хорооноос дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07