УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд Авлигатай тэмцэх газрынхан прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэгжлэг хийсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Д.Тогтохсүрэнг “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар томилогдсоноосоо хойш албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдлүүдтэй холбогдуулан шалгаж байгаа аж.
Д.Тогтохсүрэн нь өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа болон орон нутгийн удирдах албан тушаал хашиж байх үедээ авлига, хууль зөрчсөн байж болзошгүй гэх гомдлоор АТГ-т удаа дараа шалгагдаж байсан. Энэ удаад түүнийг өмнөхөөс өөр үндэслэлээр, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Тэрбээр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 оноос “Монголросцветмет”, өдгөө “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байгаа юм. АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Б.АМАРТҮВШИН








Улс төр








