Dark Light
Улс төр | 2026-02-25

АН-ЫН САЙТ ДЭЭР ХЭН Ч, ХЭНИЙ Ч ГЭРИЙН ХАЯГИЙГ МЭДЭХ БОЛОМЖТОЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ардчилсан нам an.mn сайтаараа дамжуулан гишүүн элсүүлэх цахим бүртгэлийг эхлүүлээд байна. Гэвч тус сайтын бүртгэлийн хэсэгт иргэн регистрийн дугаараа оруулахад овог нэр, гэрийн хаяг, байр, орц, тоот зэрэг хувийн мэдээлэл шууд гарч ирж байгаа нь анхаарал татаж байна.

Ямар нэгэн нэмэлт баталгаажуулалт, хамгаалалт харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн регистрийн дугаар оруулахад тухайн иргэний хаягийн мэдээлэл ил болж байна.

Монгол Улсад иргэний бүртгэлийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар төвлөрүүлэн хадгалж, хамгаалдаг. Регистрийн дугаар нь тухайн хүнийг тодорхойлох давтагдашгүй, өөрчлөгдөшгүй түлхүүр мэдээлэл юм. Үүнд гэрийн хаяг, иргэний үнэмлэх, гэр бүлийн бүртгэл зэрэг эмзэг өгөгдөл холбогддог. Түүнчлэн эрүүл мэндийн мэдээлэл, банкны мэдээлэл рүү ч цааш хөрвөж болно.

Иймд зөвхөн регистрийн дугаар ашиглан гэрийн хаяг ил гарч байгаа нь хэн нэгэн өөр хүний мэдээллийг мэдэх боломж бүрдсэн байж болзошгүй нөхцөл үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, бусдын регистрийн дугаарыг мэддэг хүн тухайн иргэний хаягийг олж мэдэх эрсдэлтэй болж байна.

Энэ нь хувь хүний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал юм. Учир нь хувийн мэдээллийг ашиглан залилан хийх, дарамтлах, мөрдөх зэрэг эрсдэл үүсэх боломжтой.

Мөн ийм төрлийн мэдээлэл хадгалж буй цахим систем нь кибер халдлагын бай болох эрсдэлтэй байдаг. Хэрэв мэдээллийн хамгаалалт хангалтгүй бол гаднын цахим халдагчид мэдээллийн санд нэвтрэх, хуулж авах, цааш дамжуулах зэрэг эрсдэл үүсч болзошгүй. Энэ тохиолдолд олон мянган иргэний хувийн мэдээлэл нэг дор алдагдах аюултай.

Олон улсын жишгээр ийм системд хоёр шатлалтай баталгаажуулалт ашиглах нь нийтлэг. Тухайлбал, регистрийн дугаар оруулсны дараа тухайн иргэний утсанд баталгаажуулах код илгээдэг. Баталгаажуулалт хийгдсэний дараа мэдээллийг харуулдаг.

Харин an.mn сайтад ийм хамгаалалт байхгүй байна.

Мөн тус сайт ямар мэдээллийн сантай холбогдож, эдгээр мэдээллийг ямар эх сурвалжаас авч байгаа нь тодорхойгүй хэвээр байна.

Энэ асуудалтай холбоотойгоор Ц.Баатархүү Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан үеийн мэдээллийн хүртээмж, хамгаалалтын бодлоготой холбоотой асуудал ч анхаарал татаж байна.

Иргэдийн регистрийн дугаараар дамжин гэрийн хаяг ил гарч байгаа нь хувь хүний мэдээлэл хамгаалалт хангалттай эсэх, цаашид ямар эрсдэл дагуулах вэ гэсэн асуултыг хөндөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22