Аж үйлдвэр, төмөр зам, авто зам отолцсон стратегийн зангилаа болсон Дархан-Уул аймагт УИХ-ын дарга Н.Учрал болон төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт ажиллах үеэр иргэдтэй нээлттэй уулзалт хийж, бүс нутгийн хөгжлийн талаар санал бодлыг нь сонслоо.
Дарханчууд орон нутагт бизнес эрхлэх орчныг татварын бодлогоор дэмжиж, үйлдвэрлэл болон ажиллах хүчний нөөцийг нэмэгдүүлэхэд төрийн бодлого чиглэх ёстойг онцолж байна. Мөн газар тариалан давамгайлсан бүс нутагт малчдад газар ашиглах боломжийг бодлоготойгоор шийдэх шаардлагыг хөндлөө.
Үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд дарамт болж байгааг хэлж, цалин тэтгэврийн нэмэгдэл бодит байдалд нийцэхгүй байгааг шүүмжилж байна. Нийгмийн даатгалын сангийн асуудлыг ил тод болгох, шаардлагатай бол хянан шалгах механизм ажиллуулах талаар УИХ-д санал хүргүүлжээ.
Цаашид төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгаж, өмнөх он жилүүдэд хуримтлагдсан алдааг ил тод болгож байж иргэдэд ирэх ачааллыг бууруулах эдийн засгийн өөрчлөлт эхэлнэ гэж үзэж байна.
Б.АМАРТҮВШИН







Улс төр








