Dark Light
Улс төр | 2026-03-10

НАМД ОРЖ ГУЙВААД, НАМААС ГАРЧ ГУЙВААД...

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Ардын намд ард байна уу?

Ардын намд ард ховортой, авлигач арвинтай, хөөсөн нь цөөхөн, хөөх нь олон байна. МАН өөрийгөө авлига, ёс зүйн зөрчлөөс чөлөөлөхгүй бол МАН-ыг өөрийг нь ард  түмэн чөлөөлчих гээд байна.  Даргын өмнө харц буруугүй гэдэг шинэ үг гарсан байна. Хурал дээр бол өмнөөс нь ялдамхан, уулзалтад хажуугаас нь гилжийсэн, бөх үзэхэд нь араас нь мишээсэн гэх мэт бүх төрлийн байрлалаас хайрын харц илгээж байна. Учрал гэдэг дарга нь бол учиртайхан харцнуудад уярахгүй юм шүү, уянгалахгүй юм шүү гэмээр жишүү харсан маягтай,  чөлөөлөх би хараагүй байхад чөлөөлөгдөх чи хараад юу гэхэв гэсэн зөрүүд буриад царай гаргаад байна. Дарга нар даргадаа хайрын харц илгээх биш иргэнээ дээрээс нь биш дэргэдээс нь харах л хэрэгтэй байна.  

Ардчилсан намд ардчилал байна уу?

Ардчилсан нам ардчиллаа болиод Америкийн виз зуучлал, аппликейшн, сүүлдээ сугалааны бизнес эрхэлж байна. АН-ын гишүүн л болчихвол Америкийн виз бат гэсэн нь суга болоод оронд нь сугалаа явуулж, азтан тодруулахаар болсон байна. Цаашид АН-ын сугалаа, азын шооны нүх олширч, халуун сав, хивс, тоос сорогч, хөлдөөгч, маникюр, педикюрт орох эрх гэх мэтээр өргөжихөөс ч сийхгүй байна.  Гадаадын виз гарахгүй ч гэлээ гадаадад эмзэг мэдээллийн тань гаргасан ч байж магадгүй байна. Та АН-д өөрөө бүртгүүлээгүй таныг АН өмнөөс чинь бүртгэж, эмзэг мэдээллийг чинь олон улсын хакерын хар зах дээр 650 доллар, 2 сая төгрөгөөр экспортод гарах эх үүсвэр болсон ч байж болзошгүй байна. Нүүрсний үнэ унаж байхад хоёр сая иргэний регистрийн дугаар, гэрийн хаяг гэх мэт тус бүр нэг төгрөгөөр зарагдсан гэх асуудлыг шалгаж эхэллээ.    

Иргэний зоригт иргэн, ХҮН намд хүн, Үндэсний эвсэлд эвсэл байхгүй

Иргэн ч үгүй, зориг ч үгүй Иргэний зориг ногоон намынхан бие биеэ хөөгөөд завгүй байна. Намын дарга нь намын жагсаалтаар гарсан Нараг хөөж байгаа бол намын даргаа дэд дарга нь хөөж байна. Нара гишүүн нь нөхрөө хөөхөө болиод, орон байрны хулгайтай хөөцөлдөж байна. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Американ скүүлийн хувьцаа эзэмшигч мөртөө, “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал  өдөрт 4 тэрбумын татвар төлдөг атлаа юу дутсан гэж айлын зуслан ухаж, архи хулгайлж уусан уу гэтэл жинхэнэ хулгайч нар нь баригдлаа.

Хүн муутай ХҮН намд бол хүн байхгүй болсоор байна. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН намын хүн байхаа больсон. Аялагч Ж.Мөнхцэлмэг гэдэг ХҮН-ий хүн байхаа больсон байна. ХҮН намд хүн байхгүй ч хүн ихтэй МАН-тай хамт байгаад байна. ХҮН нам зүүний үзлээ нэг орой баруун үзлээр сольж, зүүн, баруунаа мэдэхээ больсон байна. ХҮН-ын дарга хүн Т.Доржханд манай эрчим хүч экспортлохгүй юм бол би улс төрөөс явна гэсэн. Манай улс эрчим хүч экспортлох биш импортолсон хэвээрээ байгаа тул Т.Доржхандаас улс төрөөс явъя гэтэл улс төр Т.Доржхандаас явж өгөхгүй байгаа юм байна. 

Намын гишүүн биш намуудын гишүүн

Үндэсний эвсэлд эвсэл байхгүй болоод байна. Уул уурхайн МАК компанийн нүүрсний хүрэн мөнгөөр ногоон намыг авч, ногоон үзэл нь хүрэн үзэл болсон нь зөвхөн монголд л болсон явдал юм. Дархан аварга Н.Батсуурийн эгч Н.Энхчимэг давахгүй гэсэн даваагаар гурав давж, элсэхгүй гэсэн намдаа элссэн байна. Эхлээд ХҮН намын ягаан туузаа тайлаад, Номтойбаярын ногоон намд хүрэнтээд, тэндээсээ МАН-д орж улаарсан байна.

Намууд үзэл бодол, үнэт зүйлийн нэгдэл болохгүй байгаа тул намд орж гуйвах, намаас гарч гуйвах, намтайгаа хамт гуйвах, ямар ч тохиолдолд гуйвсан байдалтай байна. Жишээ нь  М.Дэнсмаа гэдэг бүсгүй 2 дугаар сарын 2-нд АН-ын даргаас батлах авч хамтдаа патиар татуулаад, 25 хоногийн дараа МАН-ын Бага хурлын индэрт сууж бас зургаа авхууллаа. МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлд сонгогдсон байна. М.Дэнсмааг дэнслээд үзвэл аль 4 жилийн өмнөөс МАН-д данстай ч АН-ыг дунд нь нэг дэнслээд буцсан бүсгүй юм байна. Аливааг баталгаатай араанд нь хийх нь монгол хүний гэм биш зан. Аль зуун жилийн өмнө баян монгол эр Будда, Христ, Исламын сүм, бөө удган дөрвүүлд нь өргөл барьц өгчхөөд, юм баталгаатай нь дээр  гэж хэлээд Оросын судлаач Майскийн амыг ангайлгаж явсан удамтай юм шүү дээ, бид чинь.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00