Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2026.03.18/-ийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ.
- УИХ-ын 2021 оны 6 дугаар тогтоолоор баталсан ШЕЗ-ийн болон сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахалж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О. Номинчимэг нарын таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “уг асуудлыг долоо хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн байна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хурааж, гишүүдийн олонх дэмжлээ.
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэж, гишүүдийн олонх буюу 66.7 хувийн саналаар дэмжив.
АДМИН








Улс төр








