Улсын Их Хурал дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг хуваарийн дагуу өнөөдөр ээлжит хурлуудаа хийхээр товлосон байна. Өнөөдөр 10.00 цагаас УИХ дахь МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдах бол Ардчилсан намын бүлгийн хурал цуцлагджээ.
Анхлан мэдээлж байснаар УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөлүүд хуралдахаар төлөвлөгдөж байсан ч Ардчилсан намын хувьд дотоод зохион байгуулалтын шалтгаанаар хуралдаанаа хойшлуулсан байна. Тодруулбал, тус нам аймаг, дүүргийн намын дарга болон Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох дотоод сонгуулийг орон даяар зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд гишүүд нь орон нутагт ажиллаж байгаа аж.
Сануулахад, Ардчилсан нам ирэх дөрөвдүгээр сарын 7-нд Их хурлаа хуралдуулахаар товлоод байгаа юм.
Харин МАН-ын бүлгийн хурал товлосон ёсоор үргэлжлэх бол ХҮН намын зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа нийгмийн анхаарлын төвд буй Туулын хурдны замын төслийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тус зөвлөлийн хурлаар:
- Туулын хурдны замын төслийн байгаль орчны нөлөөллийн талаар Усны газрын дарга З.Батбаярын мэдээлэл,
- Уг төслийн явц, танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайн илтгэлийг тус тус сонсохоор болсон байна.
Одоогоор намын бүлгүүдийн хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүй жагсаалт албан ёсоор нийтлэгдээгүй байгаа ч улс төр, нийгмийн цаг үеийн асуудлуудыг хөндөх магадлалтай байна. Хуралдааны явц, гарсан шийдвэрүүдийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Б.АМАРТҮВШИН








Улс төр









