Dark Light
Улс төр | 2026-03-24

НАМЫН ДҮРЭМ ҮҮ, ТӨРИЙН ХУУЛЬ УУ?

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

УИХ дахь АН-ын бүлэг нэг намын дарга УИХ-ыг удирдах ёсгүй гэж хурал хаяад 7 хонож байна. АН-ын дарга О.Цогтгэрэл нарын 19 гишүүн МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар 4 сарын өмнө сонгосноо маш зөв байсан боловч тун буруу гэж үзэж байна. Ээжийнхээ үгэнд орохгүй, нэгдсэн чуулганы 81 хувийг пялсан УИХ-ын гишүүн Х.Баттулгыг засаж авах бус бүлгээрээ хичээлээ тасалдаг болсон байна. Их хурлын гишүүд үндсэн ажлаа таслах илүү тусгай эрхтэй. Эмч багш, эгэл жирийн албан хаагч ажлаа, оюутан хичээлээ олон хоногоор тасалсан бол халагддаг, хасагддаг.

МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга бол АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга юм. Намын дарга УИХ-ын даргаар ажиллаж болохгүй гэдэг хууль нь бол байхгүй байна. Хуультай болъё гэвэл хуралдаа сууж хэлэлцэнэ. Өнөөдөр ялсан намын даргыг Ерөнхий сайдад дэвшүүлнэ гэдэг намын дүрэм бол байна, төрийн хууль байхгүй байна. Мика, Зика нарын Энхболдууд УИХ-ын даргаар ажиллаж байхад урдаас нь хараад сууж байсан УИХ-ын гишүүдийн хувьд ч Учрал болохгүй. Намын дарга Н.Багабанди, Р.Гончигдорж, Н.Энхбаяр нар УИХ-ын даргаар ажиллаж байсан ч Н.Учрал болохгүй.

Гацааны цаадах гацаа нь Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль юм. УИХ-ын гишүүнийг жагсаалт, тойргоор нь араас, өврөөс төрсөн гэж алагчлахгүй, авлига, албан тушаалын хэрэг өдүүлсэн, өргөсөн тангаргаасаа няцсан, ёс зүйгээ удаа дараа ноцтой зөрчсөн бол эргүүлэн татах хуулиас болж, парламент цонхлоод байна.

Хэн хаана суух сандал ширээнээс илүү түлш шатахуун дэлхийн даяар хомсдон, олдоц нь ховордож, үнэ нь огцом өсөх эгзэгтэй цаг үед улс орны амьдрал ахуй, татварыг 2,7 их наядаар хөнгөлөх, НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая болгох, гадаадын банк оруулж ирж, зээлийн хүүг байранд нь тавих зэрэг олон асуудал гацаанд орлоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22