Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар туулын хурдны замтай холбоотой бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө.
Х.Нямбаатар "10 км шороон даланг хотын төв дундуур хийж, хотыг 2 шороон далангаар хуваасан байдал үүсгэхээс сэргийлж гүүрэн байгууламж болгож өөрчилсөн.
Будда вистагын хойд талд өндөр хүчдэлийг дээгүүр нь гаргахтай холбоотойгоор трасс үл ялиг даялж гүүрэн байгууламжаар гарж байгаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ 2026 онд эцэслэн хийгдэж, байгаль орчны сайд баталсан.
Хоёрт нь байгаль орчны нөлөөлөл, үнэлгээн дээр гарын үсэг зураагүй гэдэг асуудал огт яригдаагүй. Өмнө хийгдсэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ буюу энүүгээр зам явах уу, үгүй юу гэдэг урьдчилан санал дүгнэлттэй холбоотой, компанийн дотоод асуудалтай холбоотойгоор нөхдүүд цалин мөнгөнөөсөө болж маргасан зөрчсөн асуудал байдаг.
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ бүрэн байгаа. Усны газрын зарим хүмүүс одоо болтол геологийн дүгнэлтээ үзүүлээгүй, өгөөгүй байгаа гэдэг асуудал ярьж байна лээ. Энэ нь олон улсад дагаж, мөрдөгддөг инженеринг, худалдан авах ажиллагаа, барилга угсралтын ажлыг хамтатгаж хийдэг Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны үлгэрчилсэн дүрмээр байгуулагдсан гэрээ. Манай барилгын норм дүрэм журам программын дагуу баталж өгсөн төсөвт өртөгт багтааж бид нар зураг төслөө өөрсдөө хийнэ гэдэг гэрээ.
Ажлын зураг дууссан учраас ажлын зураг нь өөрөө геологитойгоо уялдаж явдаг. Энэ ажлын зураг дууссан, геологи хийгдсэн учраас усны байгууллагуудад эцсийн саналуудаа дахин хүргүүлж байгаа. Байгаль орчны үнэлгээ эх хувиараа надад явж байна. Бүх гарын үсэг бүрэн байгаа.
Нэгдүгээрт төсөвт өртөг өссөн асуудлыг ярилаа. Хоёрт нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээтэй холбоотой асуудлыг ярилаа. Гуравт нь “Ямар компани шалгарсан юм бэ? Ямар ч туршлагагүй компани шалгаруулж байна” гээд байгаа. Бид -20 хэмээс дээш хэмд барилга барьж байсан, автозамын гүүрэн байгууламж барьж байсан туршлагатай тендерийг зарласан.
Эхний тендер сонгон шалгаруулалтад компаниуд шалгараагүй. 2 дахь удаад шалгараад одоогийн “China highway” гэдэг компани үнийн санал, тендерт ирүүлсэн саналаараа шалгарч гэрээ хийсэн. Өнгөрсөн жилийн долоон сард гэрээ хийсэн юм. Гэрээ хийгдээд тендерийн баталгаа банкны баталгаа буюу Олон улсын даатгалын компанийн ирүүлсэн даатгалыг үндэслэж, үе шаттай, инженерийн бэлтгэл ажил хийхэд нь уялдуулж, урьдчилгаа төлбөрийг өгч байгаа. Монгол улсын сангийн сайдын баталсан тушаалын дагуу батлагдсан төсөвт өртгийн 30 хүртэлх хувиар урьдчилгаа төлбөр бодогдоно. Хуулийн дагуу явж байгаа.
Сүүлийн үед туул голын бургастай холбоотой асуудлыг ярьж байна. Туул голын бургасыг судалсан эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байгаа. Туул голын бургасны үндсэн суурь нь 1966 оны Их үерийн дараа Богд уулын ойр орчмоос нь урсаж ирсэн шавар дээр суурилж ургасан. Бургаснуудын 80 орчим хувь нь 50-аас дээш жилийн насжилттай байна. Туулын бургас судлалаар докторын зэрэг хамгаалсан эрдэмтний өгсөн зөвлөмжийн дагуу трасс дагуух бургаснуудыг огтолж, барилга угсралтын ажлыг хийж гүйцсэний дараа өөрөө нөхөн сэргэлт авах бүрэн боломжтой гэх дүгнэлт гарсан.
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гэдэг нь усны, хөрсний, ургамлын, бургасны бүх талаас нь нөлөөллийг дүгнэж байгаа юм. Нөлөөллийг дүгнэхдээ барилга угсралтын ажил юу хийдэг, ямар нөлөөлөлтэй, барилга баригдсаны дараа ямар нөлөөлөлтэй гэдгийг үнэлдэг. Яг барилга угсралтын үед ургамалд 8 онооны нөлөөлөлтэй, барилга баригдсаны дараа бага нөлөөлөлтэй гэсэн дүгнэлт гарсан.
Туулын хурдны замтай холбоотой бүтээн байгуулалтын ажил дээр Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн нэг ч зүйл байхгүй.
Хэт үнэтэй байна гэдэг асуудал яригдаад байна. 750 метр, 4 эгнээ Олимпын гүүрийг 45 сая доллароор барьсан. Бид нар 9.9 км 6 эгнээ автозам гүүрэн байгууламжийг 280 орчим сая доллароор барьж байгаа. 1 км-т ногдох нь хорин хэдэн сая доллар болж байгаа. Дэлхийн дундаж нь 20-150 сая доллароор ийм гүүрэн байгууламж баригддаг жишигтэй” гэв.
Б.ЭНХЗАЯА







Улс төр





