МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа.
Я.Содбаатар “МАН-ын бүлгийн хуралдаан зарлагдаад байна. Улс Төрийн Намын хуулийн хүрээнд улс төрийн намуудын үйл ажиллагаа явж байгаа. МАН 31 дүгээр Их хурлаа хийж, шинэ намын удирдлага, шинэ намын дарга сонгогдож, гарсан. Намын шинэ дүрмийг дээд шүүхэд бүртгүүлсэн.
Бид намын дүрмийн хүрээнд УИХ дахь намынхаа бүлэгт УИХ-ын даргад нэр дэвшигчийг санал болгох ёстой. Үүний дагуу Намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын даргад МАН-ын хэрхэн нэр дэвшүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. 2 нэр дэвшигчийн асуудал яригдсан. Олон орны парламентын нийтлэг жишгээр олон удаа сонгогдсон туршлагатай хүмүүс парламентын дарга хийдэг. Энэ дагуу МАН-аас сонгогчдын саналыг олон удаа авч, нэр бүхий хүмүүстэй Намын дарга уулзаж, бодол саналыг нь сонссон.
УИХ-ын даргад С.Амарсайхан, С.Бямбацогт нарыг нэр дэвшүүлсэн. УИХ-ын гишүүн С.Амарсайхан нэрээ татаж авснаар УЗ-ийн гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр боллоо. Одоо энэ шийдвэрийг УИХ дахь Намын бүлгийн хуралдаанд оруулж танилцуулна” гэв.
Б.ЭНХЗАЯА







Улс төр





