Dark Light
Улс төр | 2026-04-02

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УИХ-ЫН ДАРГА НАМ БУС БАЙХ ЁСТОЙ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Л.Оюун-Эрдэнэ "Бид хамтдаа олон намын тогтолцоонд шилжиж байгаа. Сонгодог парламентын засаглалынхаа зарчмаар явах нь зүйтэй. 3 дахь УИХ-ын дарга дээр гацаж байгаа шалгаан нь УИХ-ын дарга болсон хүн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэдэг өнцгөөс өрсөлдөөд байгаа юм. Түүнээс өөр ямар ч зүйл байхгүй. Ингэх юм бол дахиад л 3 дахь УИХ-ын дарга огцорно.

УИХ-ын даргыг нам бус спикер буюу хуралдаан удирддаг хүн болгох хэрэгтэй. Манайд л дарга гээд байгаа болохоос 126 хүний нэг нь. УИХ-ын дарга зүгээр л хуралдаан зохион байгуулдаг хүн.

Үүнийг би 126 гишүүнтэй болох, Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж байх үедээ Г.Занданшатар даргад хэлж байсан. Харамсалтай нь тухайн үед сонгууль дөхсөн байсан, саналуудыг өөрчлөх өөрөөр хэлбэл гишүүн бүхэн урдаа микрофонгүй, илүүт мэтгэлцээний зарчимтай байя гэдэг зүйл рүү явж байсан. Тэгээд тухайн үед сонгууль дөхсөн байсан учраас энэ зохион байгуулалтыг хийж чадаагүй.

76-тай парламент, 126-тай парламент буюу холимог тогтолцоо бол асар их соёлын том өөрчлөлтийг авчирч байгаа. Тиймээс УИХ-ын даргад нэр дэвшиж байгаа хүмүүс маань шуналаа жаахан хойш нь татаад, том агуулгаар хараад, маргааш ирж болзошгүй эрсдэлээс гарахын тулд хамтдаа сонгодог парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө дахиад нэг алхъя.

УИХ-ын дарга нам бус байг. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байг. Аль нэг намд үйлчлэхгүй хүн байг. Аль нэг намын бүлгийн хурлаас чиглэл авдаггүй хүн байг. Ингэж байж таван нам итгэнэ” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22