Dark Light
Улс төр | 2026-04-03

ОЮУТАН ДАДЛАГАЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Их Хурал, Тамгын газраас парламентын боловсролыг түгээх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний хүрээнд явуулсан оюутан дадлагажуулах нэг сарын хөтөлбөрийн хаалтын ажиллагаа, сертификат гардуулах ёслол өнөөдөр (2026.04.03) боллоо.
 
Хөтөлбөрт хүсэлт ирүүлсэн 1068 оюутнаас гадаад, дотоодын их сургууль, коллежийн 100 залууг сонгон оролцуулж, Улсын Их Хурлын нэр бүхий 28 гишүүнээр удирдуулан дадлагажуулсан юм. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хаалтын  ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, хөтөлбөрт шалгарч, оюутан ахуйдаа парламентын ажилд оролцож үзсэнд нь оюутнуудад баяр хүргээд, бидний үед ийм боломж байгаагүй, маш их хичээл зүтгэлтэй байж, эх орноо гэсэн чин сэтгэлтэй хүн улс төрч, Улсын Их Хурлын гишүүн болж чадна хэмээн чухалчлан дурдав.
 
Мөн оюутнуудыг дагалдуулан дадлагажуулсан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, С.Зулпхар, Ж.Золжаргал, Х.Тэмүүжин, О.Саранчулуун, Ч.Лодойсамбуу, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан, Ө.Шижир, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, О.Номинчимэг нар үг хэлж, оюутнуудад ухамсар, ёс суртахуунтай, эх оронч сэтгэлгээтэй байхын чухлыг, өөр хоорондоо дотно нөхөрлөж, үүрдийн холбоотон болохыг, боломж бүрийг ашиглан, эсвэл өөртөө боломж бий болгон тасралтгүй суралцахыг, өөрийгөө хөгжүүлж, танин мэдэхээ зогсоохгүй байхыг, хүсэл тэмүүлэлтэй байхыг, салбар салбартаа сайн мэргэжилтэн болохыг, улс төрийн өнөө маргаашийн муу муухайд сатааралгүй, Монголын зорилго том гэдгийг үргэлж санаж байхыг, хожим харамсахааргүй үнэт зүйлтэй, өөрийнхөөрөө амьдрахыг захилаа.
 
Дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг төлөөлөн Монгол Улсын Их сургууль (МУИС)-ийн тавдугаар ангийн оюутан Б.Бат-Ирээдүй, Шинжлэх ухаан, технологийн Их сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутан П.Хүслэн нар үг хэлж, сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Оюутнууд парламентын үйл ажиллагаатай оролцож, хууль тогтоох үйл явцыг бодитоор мэдэж, судалгаа, шинжилгээ хийн, санал санаачилга гаргаж, асуудлыг олон талаас харж бүтээлчээр ажиллах боломж олгосноороо ач холбогдолтой болсныг онцолж байлаа. Мөн мөрөөдөл, тэмүүлэлтэй олон залуустай дотносуулан нөхөрлүүлснийг дурдан, цаашид харилцан суралцаж, бие биедээ эергээр нөлөөлөн, найз нөхдийн харилцаагаа хадгалж явна гэдгээ хэлэв.
 
Оюутан дадлагажуулах хөтөлбөрөөр судалгааны арга зүй, Улсын Их Хурлын Байнгын хороодын үйл ажиллагаа, төрийн албаны ёс зүйн сэдэвт хичээлүүд орж, Улсын Их Хурлын гишүүд лекц, илтгэл тавьж, мөн тэднээс тусгай даалгавар авч гүйцэтгэх, төрийн байгууллагууд, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, зарим яам, салбарын бодлогын асуудлаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх зэрэг олон талын дадлага ажлуудыг хийсэн байна. Дөрөвдүгээр сарын 01-нд “Загвар парламент” хуралдааныг МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны лекцийн дугуй танхимд хийж, Залуучуудын орон сууцны дэмжлэгийн тухай хуулийн хэлэлцсэн юм. Хуралдааны үр дүнд сөрөг хүчин буюу цөөнхийн баг ялалт байгуулсан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22