БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДААР ДАМБЫН БАТЛУТЫГ УЛИРААН ТОМИЛЛОО
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал шинээр бүрдүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулж, Батлан хамгаалахын сайдаар Дамбын Батлутыг улираан томилох шийдвэрийг гаргалаа.
Ингэснээр Монгол Улсын Батлан хамгаалахын 30 дахь сайд Дамбын Батлут Засгийн газрын гишүүний тангарагаа өргөж үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Энэхүү шийдвэр нь дэлхийн геополитикийн эгзэгтэй нөхцөл байдалд үндэсний аюулгүй байдлын бодлогын залгамж чанарыг хадгалах, салбарт эхлүүлсэн бодит реформуудыг эцсийн үр дүнд хүргэх стратегийн ач холбогдолтой алхам болов.
Сайд Д.Батлутын өнгөрсөн есөн сарын хугацаанд хэрэгжүүлсэн ажил нь салбарын олон жил дамжсан "гацааг" гаргаж бодит реформыг эхлүүлээд байсан юм. Тэрбээр "Хүн бол салбарын үнэт зүйл" гэсэн зарчмыг баримталж, сүүлийн 14 жилийн турш шийдэгдээгүй байсан Энхийг сахиулагчдын нөхөн олговрын асуудлыг 80/20 харьцаатай болгон өөрчилсөн нь шударга ёсны том ялалт болов.
Мөн өнөөдрийн байдлаар салбарынхаа 205 алба хаагчид 4.1 тэрбум төгрөгийг орон сууцны урьдчилгаа бүрдүүлэхэд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр олгож, ипотекийн зээлд дараалал харгалзахгүй хамрууллаа.
Түүнчлэн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан 105 жилийн ойн өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Алслагдсан бүсэд ажиллаж буй алба хаагчдын урамшуулал, мэргэшлийн зэргийн нэмэгдэл”-ийг баталж ажил хэрэг болгов.
Монгол Улс зэвсэглэлээр бусдаас хараат бус болох эхлэлийг тавьж, сумны үйлдвэр, дотоодын радиостанц, симуляторыг зэвсэгт хүчний хэрэгцээнд нэвтрүүлж, салбарыг "технологийн" чиглэл рүү эрчимтэй шилжүүлэв.
Тэрбээр зөвхөн улсын төсөв харалгүй, уул уурхай, үйлдвэрлэлийн томоохон байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоож, бүтээн байгуулалтын хөрөнгийг гаднаас татах "ухаалаг" менежментийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж чадсан юм.
Гадаад харилцааны хувьд БНТУ, БНХАУ, Катар зэрэг улсуудтай хөрөнгө оруулалтын гүүр болж, анх удаа Киргиз Улсад сургалтын хөдөлгөөнт бүлэг илгээж, Монгол цэргийн чансааг олон улсад бататгав.
Мөн цэргийн албыг мэргэжил олгох, залуу боловсон хүчнийг орон нутагт дэмжих "алтан түлхүүр" болгон өөрчлөх бодлогыг эхлүүлж гагнуурчин, цахилгаанчин, засалчин зэрэг мэргэжлүүдээр суралцуулах нээлттэй хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.
Улиран томилогдож буй Батлан хамгаалахын сайд Д.Батлут нь ирэх жилүүдэд зэвсэглэл, техникийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, Монгол Улсын батлан хамгаалах чадавх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадамжийн бэхжүүлэх, алба хаагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах чиглэлд бодлогоо эхлүүлж 2026 оныг “ХҮН ТӨВТЭЙ ХӨГЖИЛ-ШИНЭЧЛЭЛТИЙН ЖИЛ” болгон зарласан юм.
Б.АМАРТҮВШИН







Улс төр





