Dark Light
Улс төр | 2026-04-15

ЭЗБХ: УИХ-ЫН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА ГЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.04.15) Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны 31 гишүүнээс 17 нь буюу Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Р.Батболд, Ц.Баатархүү, М.Энхцэцэг, Р.Сэддорж, О.Батнайрамдал, П.Батчимэг, Ч.Лодойсамбуу, Х.Булгантуяа, Н.Батсүмбэрэл, Б.Пунсалмаа, П.Ганзориг, С.Цэнгүүн, Б.Заяабал, Э.Одбаяр, А.Ундраа, Л.Энх-Амгалан нар хүрэлцэн ирж, 51.6 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлсэн.
Ирц болон хэлэлцэх асуудлын товыг хуралдаан даргалагч Р.Сэддорж танилцуулсны дараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал илтгэв.
Тэрбээр Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан бөгөөд Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зүйл заалтад мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан бол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр заасан нь шүүхийн үндсэн чиг үүрэг, мөн чанарт харшилсан, гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн асуудлыг шүүх эрх мэдлийн байгууллагад хариуцуулсан зэргээр Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах зарчимтай зөрчилдөнө гэж Үндсэн Хуулийн Цэц дүгнэж, холбогдох зүйл заалтуудын үйлчлэлийг түдгэлзүүлсэн тухай танилцууллаа. 
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан шийдвэрлэж, 2026 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хуралд ирүүлсэн. Уг дүгнэлтэд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт нь Үндсэн хуулийн 4 заалтыг зөрчсөн байна гэснийг Хууль зүйн байнгын хорооны хүлээн зөвшөөрөхийг дэмжээд байгаа гэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжиж, мэргэжлийн холбоодыг Улсын дээд шүүх биш, улсын бүртгэлийн байгууллага бүртгэдэг болох ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Тэрбээр мэргэжлийн холбоодод тавих шалгуур, шаардлагыг өндөрсгөх, чанаржуулах чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар тодруулсан юм. 
Цэцийн дүгнэлтийн талаар Байнгын хороо хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, нэг хүний халаасанд 10-аад төрийн бус байгууллагын тамга тэмдэг явж байдаг. Ашгийн бус гэх нэрийдлээр компаниудаас илүү төсөв мөнгөтэй, иргэний нэр барьдаг байдлыг дээрх хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох явцад анхаарч, тусгах ёстой гэсэн санал гаргалаа. Төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчинг шинэчлэх шаардлага байгаа хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж дэмжиж үг хэлэв. Ийнхүү хэлэлцээд, Үндсэн хуулийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх асуудлаар, заалт нэг бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжлээ. Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэгчээр Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэгийг томилов.
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн, Санхүүгийн хоршооны тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл батлах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд ахлагчтай, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, А.Ундраа, Ц.Баатархүү, М.Энхцэцэг нарын 10 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжсэн санал өгсөн тул баталсанд тооцлоо.
Харин дараа нь "Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан"-г сонсов. Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцууллаа. Танилцуулгад дурдсанаар бол Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д нийт 134 хуулийн 540 заалтыг давхардсан тоогоор 895 байгууллага, УИХ-ын 158 тогтоолын 864 заалтыг давхардсан тоогоор 1992 байгууллага, УИХ-ын Байнгын хорооны 100 тогтоолын 587 заалтыг давхардсан тоогоор 1660 байгууллага хэрэгжүүлэн ажилласан бүртгэлтэй байна. 2025 оны жилийн эцсийн байдлаар Улсын Их Хурлын шийдвэр дунджаар 77.3 хувьтай хэрэгжжээ. 
Мөн оны жилийн эцсийн байдлаар хууль тогтоомжийн 386 шийдвэрийн, 1978 заалтыг яам, агентлаг, аймаг, нийслэл хэрэгжүүлж ажилласан нь 85.3 хувьтай байна. Үүнээс 1166 нь хэрэгжсэн, 459 нь хэрэгжих шатанд, 120 нь ахиц гарсан, 173 нь тодорхой үр дүнд хүрсэн, 166 нь удаашралтай, эрчимжүүлэх шаардлагатай. Хэрэгжээгүй 160 заалтын 148 нь удирдлага, зохион байгуулалтаас, 12 нь санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалсан. Хэрэгжилт дутмаг байгаа шалтгаан нь тогтолцооны гүнд буй зохион байгуулалт, санхүү, чиг үүргийн тодорхойгүй байдлын асуудлыг илрүүлж байна гэв.
Улсын Их Хурлын Тамгын газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн тайлан болон УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын тайланд дүн шинжилгээ хийсэн талаарх танилцуулгыг Эдийн засгийн байнгын хороонд ирүүлжээ. Танилцуулгад, Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт 2025 оны жилийн эцсийн байдлаар 445 шийдвэрийн 2599 заалт бүртгэлтэйгээс биелэлт 58.5 хувьтай хэмээн дүгнэж, үүнээс тус байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах 106 шийдвэр, 543 заалтын биелэлтийг 54.53 хувьтай гэжээ. Эдгээрээс 69 шийдвэрийн 454 заалт Засгийн газарт хамаарах асуудал ажээ. 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, М.Энхцэцэг, С.Цэнгүүн, М.Бадамсүрэн, Б.Пунсалмаа нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд хууль тогтоомжийн шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэх үеэр Засгийн газрын танхимын гишүүд ирээгүйд бухимдаж буйгаа илэрхийлсэн. 
М.Энхцэцэг, хууль тогтоомж сайжрах ёстой атал эрчим хүчний салбарын эрх зүйн орчин хоцрогдсон, стандартаа шинэчлээгүй, сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг бууруулах, богино хугацаанд төсөл, хөтөлбөрөө зарлаад, хэрэгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлж ажиллах шаардлагатай гэсэн асуудал хөндлөө.
Засгийн газрын төлөөлөл УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа, хууль, тогтоол, зөвлөмж, зэрэг нийт 9 төрлийн шийдвэрийн хэрэгжилтийг үнэлж, байгууллагуудаас ирүүлсэн тайланг нэгтгэн тайлагнадаг. Сүүлийн үед хиймэл оюуны тусламжтай шийдвэрийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэх аргачлалыг судалж байгаа хэмээв.
Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд Улсын Их Хурлын Тамгын газар үнэлгээ өгөөгүй, дүн шинжилгээ хийсэн. Тайлагнаагүй 18 шийдвэрийн 165 заалтыг “хэрэгжээгүй” гэж үзэн, "0" хувь гэж тооцсон. Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тайлагнасан шийдвэрийн 11.0 хувь буюу 32 шийдвэрийн 60 заалт "хэрэгжээгүй" байгаа нь тухайн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтаас шалтгаалсан. Шийдвэрийн биелэлтийг бодитоор үнэлээгүй болон үр дүнг тайлагнахгүй орхигдуулах, заалтын агуулгаас зөрүүтэй тайлагнах, бүрэн тайлагнаагүй, хэт нурших зэрэг дутагдалтай байгааг анхаарч, оновчтой тайлагнах, тайлагналтын чанар, ур дун, сахилга, хариуцлагыг сайжруулж, үнэлгээг бодит үр дүн, нотолгоонд тулгуурлан хийх шаардлагатай байна гэсэн юм.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын Тамгын газраас Засгийн газрын тайланд дүн шинжилгээ хийж, тус байнгын хороонд хамаарах Улсын Их Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн биелэлт 54.5 хувьтай гэж дүгнэсэнд холбогдох байгууллагууд, албан тушаалтнууд дор бүрнээ дүгнэлт хийх хэрэгтэй, энэ бол доогуур үзүүлэлт, цаашид хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах шаардлагатай талаар онцолсон бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газар жил бүр тайлангаа аргацааж өнгөрүүлсээр ирсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал шүүмжиллээ. Байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлаас баталсан шийдвэрийн биелэлтийн тайланг сонсож, байр суурь илэрхийлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22