УИХ-ын чуулганы өнөөдөр (2026.04.16)-ийн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь дэмжлээ.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөлд Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд байгуулж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв болгох, төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагыг үндсэн чиглэлээрээ тендер шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар манай улсын шинжлэх ухааны салбарын хөгжилд ахиц гарч, “Монголын шинжлэх ухааны салбарын судлаачид, судалгааны ажлууд цахиурын хөндийд “цахиур хагалах” эрх зүйн орчныг сайжирна” хэмээн тодотгож байсан юм.
Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2003 онд батлагдсан УИХ-ын 42 дугаар Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулж Баян-Өлгий, Сүхбаатар аймгуудад хамаарах 364 газар зүйн нэрийг өөрчилж, 2067 газар зүйн нэрийг шинээр нэмж батлуулахаар тусгасан төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт хамаарах 214805 баталсан газар зүйн нэр байдаг бөгөөд үүний 8767 нь Баян-Өлгий, 6941 нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг байна. Мөн зарим газар зүйн нэр нь орос, казах, тува гэх мэт хэл дээр нэрлэгдсэн, үг үсгийн зөрүүтэй, хэл бичгийн дүрмийн алдаатай батлагджээ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн 12 сумын 319, Сүхбаатар аймгийн 13 сумын 45 газар өөр хэлээр нэрлэгдсэн байдаг тухай танилцуулгад дурдсан байв.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хууль, тогтоолын төслүүдийн санал хураалтыг Баасан гариг /2026.04.17/-т явуулахаар тогтов.
АДМИН







Улс төр





