Dark Light
Улс төр | 2026-04-17

ГАДААД ЗЭЭЛЛЭГИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛИЙГ ЭЦЭСЛЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхлэхээр товлогджээ. Хуралдаанаар хууль, эрх зүйн хэд хэдэн чухал асуудлыг эцсийн шатанд хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тодруулбал, гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд уг төслийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд 60 минутын хугацаанд асуулт асууж, санал хэлэх боломжтой.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ. Энэхүү дүгнэлт нь Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэнтэй холбоотой юм.

Үүнээс гадна Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн эцсийн хэлэлцүүлэгт оруулах бөгөөд уг төслийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын найман гишүүн 2025 оны долдугаар сарын 9-ний өдөр өргөн барьжээ. Энэ асуудлын хүрээнд мөн 60 минутын асуулт, хариултын хугацаа төлөвлөгдсөн байна.

Ийнхүү өнөөдрийн чуулганаар эдийн засаг, засаг захиргаа болон эрх зүйн орчныг хамарсан чухал төслүүдийг шийдвэрлэх шатанд хэлэлцэхээр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22