Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Хууль зүйн салбарын шинэчлэл, эрх зүйн реформыг хийж, хууль зүйн салбарын байгууллагуудын уялдааг хангахад хуульч, өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадвар, оролцоо чухал байгааг сайд уулзалтын эхэнд онцлоод тус салбарт зарчмын шинжтэй хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Тодруулбал;
Монгол Улсын Засгийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд хууль сахиулах эрх зүйн орчныг сайжруулахад мэргэжлийн холбоотой хамтран ажиллах
Хуульч, өмгөөлөгчдийн өмнө тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй нэгдсэн зохион байгуулалтаар шийдвэрлэх,
Хууль зүйн салбарын байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, тус салбарт бэлтгэгдэж байгаа оюутан суралцагчид, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад анхаарах,
Хүний эрхийг хангасан, хамгаалагдах эрх зүйн орчныг бүрдүүлсэн хуулиудыг батлуулах, түүнийг олон нийтэд таниулах,
Хууль зүйн салбарын байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгоход мэргэжлийн хуульч өмгөөлөгчдийн туршлага мэдлэг чухал учраас тус холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.
Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч З.Данзанноров хэлэхдээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, өмгөөлөгчдийн ижил тэгш ажиллах боломжийг бүрдүүлэх, өмгөөллийн явцад хүний эрхийг хангах, хамгаалах зэрэг асуудлуудад анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна гэв.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүдийн зүгээс Иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг сайжруулах, нийгмийн зүгээс хүлээлт ихтэй байгаа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг Улсын Их Хурлаар даруй хэлэлцүүлж, батлуулах, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарч ажиллахыг С.Амарсайхан сайдаас хүслээ.
Б.АМАРТҮВШИН







Улс төр





