УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.04.20/-ийн ээлжит хуралдаанаар Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хуулийн гол зохицуулалт нь, нийгмийн үйлчилгээний салбарт чанарын шинэчлэлт хийх, нийгмийн ажилтнуудын мэргэжлийн үнэлэмж, эрх зүйн баталгааг хангах зорилготой. УИХ-ын гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд асуулт асууж, санал хэллээ. Хууль боловсруулагчдад бүлгийн гишүүдийн санал болон бусад бодлогын яамдаас санал авч боловсруулах чиглэл өглөө.
Хуулийг баталснаар дараах эрх зүйн өөрчлөлт бий болно гэж үзжээ.
1. Халамжаас чадваржуулалт, шинэ хандлагыг бий болгох хүрээнд нийгмийн халамж, хамгааллын бодлого нь голчлон бэлэн мөнгө олгоход чиглэж байсан бол уг хуулийн төслөөр "Халамжаас чадваржуулалт руу" гэсэн зарчмыг баримтална. Ингэснээр эмзэг бүлгийн иргэдийг зөвхөн тэтгэмж авагч биш, харин хөдөлмөр эрхлэх сонирхолтой, бие даан амьдрах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд нийгмийн ажлын үйлчилгээг чиглүүлэх юм.
2. Нийгмийн ажилтны статус, эрх зүйн хамгаалалтыг сайжруулах чиглэлд мэргэжлийн ёс зүй, хариуцлагын хүрээнд нийгмийн ажилтны баримтлах ёс зүйн хэм хэмжээ, хариуцлагын тогтолцоог хуульчилж, үйлчилгээний чанарыг стандартад оруулна.
3. Хүүхэд хамгаалал, гэр бүлийн дэмжлэгийн хүрээнд сургууль, эмнэлэг, хороо, дүүргийн түвшинд ажиллаж буй нийгмийн ажилтнуудын салбар хоорондын уялдаа холбоо сайжирч ядуурал, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй иргэдэд хүрэх дэмжлэг илүү оновчтой, үр өгөөжтэй болно.
4. Нийгэм, эдийн засгийн хүлээгдэж байгаа үр дүнгийн тооцоолол нь хуулийн төслийг баталж, хэрэгжсэнээр нийгмийн хамгийн эмзэг хэсэгт үзүүлэх үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, иргэд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан амьдралын чанараа дээшлүүлэх боломжтой болно. Энэ нь урт хугацаандаа улс орны эдийн засгийн ачааллыг хөнгөлж, нийгмийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ гэж тусгажээ.
АДМИН







Улс төр





