Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.05.07/ нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой хууль, Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлт, цусны донорын тухай хуулийн төсөл зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Тодруулбал, “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэнэ. Эдгээр асуудалд гишүүд 60 хүртэлх минут асуулт асууж, санал хэлэхээр төлөвлөсөн байна.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бөгөөд уг асуудалд 90 минутын хугацаанд асуулт, хариулт өрнүүлэхээр болжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслүүдийг анхны хэлэлцүүлгээр авч хэлэлцэх юм.
Өнөөдрийн хуралдааны үеэр Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 3 дугаар дүгнэлт, хог хаягдлын эрх зүйн орчныг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, мөн дэд хорооны бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Б.АМАРТҮВШИН







Улс төр






