Ирэх долоо хоногт УИХ татвар, төсөв, эрүүгийн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы ирэх долоо хоногийн хуралдаанаар татварын багц хуулиуд, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Эрүүгийн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийн хурлаар баталсан тов, дарааллын дагуу тавдугаар сарын 18-ны Даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралдана. МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус тус 10.00 цагт хуралдах юм. Мөн энэ өдөр Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” зэрэг асуудлаар ажлын хэсгүүд хуралдана.
Мягмар гарагт Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Төсвийн байнгын хороо татварын багц хуулиуд, гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр байна.
Лхагва гарагт Өргөдлийн байнгын хороо ахмадуудын тэтгэвэр шинэчлэн тогтоохтой холбоотой асуудал болон орон сууцны захиалгын гэрээнээс хохирсон иргэдийн өргөдөл, гомдлыг хэлэлцэнэ. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын тухай, чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хууль, чуулганы дэг, хяналт шалгалтын тухай хуулийн төслүүд, гадаад зээлийн ашиглалт, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль болон олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Харин Баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”, Татварын ерөнхий хууль, ААНОАТ, ХХОАТ, НӨАТ-ын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэхээр товложээ. Мөн Х.Тэмүүжин нарын 20 гишүүний өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, төмөр замын бодлогын хэрэгжилттэй холбоотой тогтоолын төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байна.
Б.АМАРТҮВШИН







Улс төр







