УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.05.22/ нэгдсэн хуралдаанаар ирэх оны хөгжлийн төлөвлөгөө болон татварын багц өөрчлөлтүүдийг хэлэлцэнэ. Мөн Эрүүгийн хууль, төмөр замын бодлого, НӨАТ болон ХХОАТ-тай холбоотой хэд хэдэн томоохон хуулийн төслүүд чуулганы танхимд орж ирж буйгаараа онцлог болж байна.
Өнөөдөр 10:00 цагаас “Их хуралдай” танхимд эхлэх нэгдсэн хуралдаанаар хамгийн түрүүнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр товложээ.
Үүний дараа Засгийн газрын зүгээс өргөн барьсан татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Тодруулбал, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг тус бүр 60-90 минутын асуулт, хариултын хугацаатайгаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мөн УИХ-ын гишүүдийн санаачилсан хэд хэдэн хуулийн төсөл ч өнөөдрийн хуралдааны анхаарал татах сэдвүүдийн нэг болж байна. Тухайлбал, гишүүн Б.Пүрэвдорж нарын санаачилсан НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, Ж.Баярмаа нарын 32 гишүүний өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл хэлэлцэгдэхээр багтжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон төмөр замын бодлогын хэрэгжилтийг хангахтай холбоотой тогтоолын төсөл мөн хэлэлцэгдэхээр байна.
Харин гишүүн С.Цэнгүүний санаачилсан “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай” хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.
Ингэснээр өнөөдрийн чуулган эдийн засаг, татвар, эрүүгийн эрх зүй, дэд бүтцийн чиглэлийн олон томоохон бодлогын асуудлыг нэг дор хэлэлцэх өргөн агуулгатай хуралдаан болох төлөвтэй байна.
Б.АМАРТҮВШИН







Улс төр







