Өнөөдөр ажлын хэсгүүд төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, бүтээмжийг сайжруулах хуулийн төсөл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд оруулах өөрчлөлт, орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудал, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл зэрэг асуудлаар хуралдана.
Мөн Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны хуралдаанаар төрийн мэдээллийн технологийн төслүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл сонсохоос гадна Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд судалгаа хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн төсөл, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын өөрчлөлт, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Харин Хууль зүйн байнгын хороогоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Хууль тогтоомжийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагаас эхлэх бөгөөд “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх юм. Түүнчлэн УИХ-ын тухай хууль болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товложээ.
Ийнхүү хаврын чуулганы төгсгөл ойртож буй энэ үед парламентын анхаарал татсан томоохон хууль, бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэх ажил эрчимжиж байна.
Б.АМАРТҮВШИН







Улс төр







