Dark Light
Улс төр | 2026-06-03

419 МЯНГАН ХҮН ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭНИЙ МАНСУУРУУЛАХ БОДИС ХУРААГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 67.9 хувийн ирцтэйгээр хуралдаж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, хууль тогтоох үйл ажиллагаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мансууруулах бодисын эргэлтийн хяналттай холбоотой хэд хэдэн чухал хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Явган зорчигчдын аюулгүй байдлыг сайжруулах хуулийн төслийг дэмжив

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Төслийг танилцуулсан Ажлын хэсгийн ахлагч Г.Уянгахишиг чуулганы нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу төслийг боловсруулж бэлтгэсэн гэдгийг онцолсон юм.

Харин хэлэлцүүлгийн үеэр гишүүд явган зорчигчдын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч хэрэгжилтийн асуудалд болгоомжтой хандах шаардлагатайг сануулав. Тухайлбал, Улаанбаатар хотын явган хүний болон дугуйн замын стандарт хангалтгүй байгаа өнөөгийн нөхцөлд зарим зохицуулалт бодит амьдрал дээр хэрэгжихэд хүндрэлтэй байж болзошгүйг онцолсон байна.

Ингээд санал хураахад төслийг гишүүдийн олонх дэмжиж, нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Байнгын хороодын эрх хэмжээг тодорхой болгох өөрчлөлтийг хэлэлцэв

Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төсөлд УИХ-ын байнгын хороо, дэд хороод нийтээр дагаж мөрдөх шинжтэй дүрэм, журам батлах эрхийг хязгаарлаж, хууль тогтоох онцгой бүрэн эрхийг парламент өөрөө хэрэгжүүлэх зарчмыг баталгаажуулах зорилго тусгагджээ.

Хууль санаачлагчдын үзэж буйгаар өнөөгийн зарим зохицуулалт нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөх эрсдэлтэй бөгөөд иргэдийн шүүхэд хандах эрхийг хязгаарлах сөрөг үр дагавар үүсгэж болзошгүй аж. Байнгын хорооны гишүүд төслийг хэлэлцээд олонхын саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэв.

Хуулийн этгээдийн үйл ажиллагааг хамгаалах зохицуулалт санал болголоо

Хуралдаанаар мөн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Төсөлд эрүүгийн хэрэгт холбогдсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүрэн түдгэлзүүлэх, банкны дансыг удаан хугацаагаар битүүмжлэх зэрэг арга хэмжээг илүү тодорхой шалгуур, хугацаатай болгохоор тусгажээ.

Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүдэд холбогдох эрүүгийн хэргийн тоо нэмэгдэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааны явцад үйл ажиллагааг нь бүхэлд нь зогсоох тохиолдол гарч, эдийн засгийн томоохон хохирол учруулж байгааг хууль санаачлагчид онцолсон юм.

Төслийг хэлэлцсэний дараа Байнгын хорооны гишүүдийн 66.7 хувь нь дэмжжээ.

Хар тамхитай тэмцэх шинэ тогтолцоог бий болгоно

Хамгийн өргөн хүрээтэй хэлэлцсэн асуудал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы мэдээлснээр 2017-2025 оны хооронд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэг бүртгэгдэж, 2422 хүн холбогджээ. Тэдний дийлэнх нь 18-35 насны залуус байгаа нь анхаарал татаж байна.

Мөн сүүлийн найман жилийн хугацаанд хураагдсан мансууруулах бодисын хэмжээг хэрэглээний тунгаар тооцвол 419 мянга гаруй хүн хэрэглэх боломжтой хэмжээнд хүрсэн нь Монгол Улс хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох эрсдэл бодитоор үүссэнийг харуулж буйг сайд онцоллоо.

Тиймээс хуулийн төсөлд Донтох эмгэгийн сэргээн засах төв байгуулах, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх болон эмчилгээ, нөхөн сэргээх тогтолцоог хөгжүүлэх зэрэг цогц арга хэмжээг тусгажээ.

Гишүүд хүүхэд хамгаалал, албадан эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажил, мэргэжлийн хүний нөөцийн асуудлаар өргөн хүрээнд хэлэлцсэний эцэст төслийг Байнгын хорооны гишүүдийн 52.6 хувь нь дэмжсэн байна.

Чуулганы хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуралдааны төгсгөлд Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээс нь эцэслэн батлах горимын санал дэмжигдлээ.

Ингэснээр энэ өдөр хэлэлцсэн гол хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, дараагийн шатны хэлэлцүүлэгт оруулахаар болсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10