Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдаж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг явуулахаар төлөвлөжээ. Сонсголын дараа нэр дэвшигчидтэй холбоотой тайланг хаалттай хэлэлцэх бөгөөд хуралдааныг Байнгын хорооны дарга Б.Жавхлан даргалах юм байна.
Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал нь зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан болон албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор үүсээд байгаа юм.
Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Д.Дэлгэрсайхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваанямыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгожээ.
Мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Т.Сүхболд ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан тус газрын дарга Ж.Болдыг нэр дэвшүүлсэн байна.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Байгалмаагийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор Д.Ариунболдыг нэр дэвшүүлжээ.
Түүнчлэн Улсын дээд шүүхээс санал болгосон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Улсын дээд шүүхийн албан бичгээр Д.Мөнхзоригийг нэр дэвшүүлсэн байна.
Ийнхүү Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүдэд нэр дэвшигчдийн сонсголыг өнөөдөр явуулж, улмаар томилгоотой холбоотой асуудлыг Байнгын хороо үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.
Б.АМАРТҮВШИН







Улс төр






