УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болж байна. Хуралдаан өглөөний 10:00 цагт эхэлсэн бөгөөд хууль эрх зүй, эдийн засаг, орон сууцжуулалт, байгаль орчны чиглэлийн хэд хэдэн томоохон хуулийн төслийн танилцуулгыг хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг танилцуулж байна.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн талаар мэдээлэл өгөх юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Орон сууцжуулалтын тухай анхдагч хууль болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг танилцуулж байна.
Түүнчлэн Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах тогтоолын төслийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд “Петрочайна дачин тамсаг” ХХК болон “Доншен газрын тос (Монгол)” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудыг авч үзэх юм.
Өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийн орчин, бизнесийн эрх чөлөө, орон сууцны бодлого, байгаль орчны хамгаалалт, газрын тосны салбарын эрх зүйн зохицуулалттай холбоотой томоохон асуудлуудыг хэлэлцэж байгаа нь анхаарал татаж байна.
Б.АМАРТҮВШИН







Улс төр






