УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын санаачилсан ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийг дэмжих боломжгүй гэсэн байр суурийг албаныхан илэрхийллээ.
Тэдний үзэж буйгаар татварын хэмжээг нэг хувь болгон бууруулбал улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн орлогын дутагдал үүсэхээс гадна орон нутгийн төсвийн гол эх үүсвэр хумигдаж, нийтдээ 5.7 их наяд төгрөгийн сөрөг нөлөө үзүүлэх аж.
Мөн уг татварыг бууруулснаар татвар төлөгчдийн бааз мэдэгдэхүйц нэмэгдэхгүй бөгөөд хөдөлмөрийн насны хүн амын тоо өсөхгүй нөхцөлд орлого нөхөгдөх боломж хязгаарлагдмал гэж үзжээ.
Түүнчлэн ийм хэмжээний орлогын дутагдлыг хэрхэн нөхөх талаар хуулийн төсөл санаачлагчид тодорхой шийдэл танилцуулаагүй бөгөөд хууль батлагдвал 2027 оны төсвийн алдагдал зургаа, долоон их наяд төгрөгт хүрч болзошгүйг анхааруулсан байна. Мөн татварыг нэг хувь болгох нь өндөр орлоготой иргэдэд илүү ашигтай зохицуулалт болно гэжээ.
Б.АМАРТҮВШИН








Улс төр







