Dark Light
Улс төр | 2026-06-12

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУДЫГ МАН-ЫН БҮЛЭГ ДЭМЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.06.12/ хуралдлаа.

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн  хэлэлцэх асуудлыг танилцуулсан юм.

Хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар хэлэлцэх нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай, “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын ерөнхий төлөвлөгөө батлах тухай, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай зэрэг 10 гаруй асуудалтай танилцаж, төлөөлөгчид холбогдох албаныхнаас асуулт асууж, саналаа хэллээ.

Иргэдээс Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд газартай холбоотой санал гомдол багагүй ирдэг бөгөөд тухай бүрт нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тодруулга хүсдэг. Гэвч хариу ирэх хугацаа удаашралтай байгаад анхаарч ажиллахыг төлөөлөгч Ү.Оюунзул хүсэв.

“Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын нэрийг өөрчилж, дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг төлөөлөгчид Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн. Тус цогцолборын нэрийг “Хүүхэд, залуучуудын сургалт, хөгжлийн цогцолбор” болгон өөрчилснөөр үйл ажиллагааны чиглэлд төдийгүй нийгмийн хандлагад ч өөрчлөлт гарна гэж үзсэн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавдугаар сарын 31-нд тус цогцолборт ажилласан. Хүүхдүүдийг гэртээ байгаа мэт тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд удирдлагуудын зүгээс анхаарч ажиллаж байгаад талархаад цаашид энэ байгууллагын үйл ажиллагаанд бүх талаас онцгой анхаарч ажиллах шаардлагатай” гэдгийг онцлов.

Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмонгийн танилцуулснаар “Агро сити” эдийн засгийн тусгай бүс нь импортыг орлох үйлдвэрлэлийн суурийг бүрдүүлж, нийслэлийн хүнсний аюулгүй байдлыг хангах, бүс нутгийг хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө юм. Төлөөлөгч Г.Батбаяр “нийслэлчүүд жилд 150 сая доллараар зөвхөн нарийн ногоо худалдаж авдаг гэсэн статистик бий. Жимс жимсгэнэ, таримал цэцгийг бараг 100 хувь гадаадаас авч байна. Цаашид хүнсний ногооны хэрэгцээг дотоодоос хангахад энэ төсөл чухал” гэв. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа зарим салбар дээр яаралтай шийдвэрлэх олон асуудал байна. Тиймээс урт хугацааны бодлогын баримт бичгүүдийн эхний үр дүн, явцын талаар тодорхой мэдээллүүд өгч байх шаардлагатайг хэлэв.

Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэх үеэр Багахангай, Багануур дүүргийн  аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа дутуу баригдсан барилгуудыг цэгцлэх зэрэг асуудлыг төлөөлөгчид хөндөж, шийдвэрлэхийг Нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагуудад анхааруулав.

Төлөөлөгчид асуулт асууж, холбогдох мэргэжилтнүүд тайлбар өгснөөр Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцүүлэхийг төлөөлөгчид дэмжлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16