Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран хэрэгжүүлж буй “За бол заавал хий” аюулгүй ажиллагааны санаачилгын хүрээнд хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалтад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв уулзалтыг нээж үг хэллээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” аяны хүрээнд аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаанд саад учруулж буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэж байгааг онцлов. Үүний зэрэгцээ үйл ажиллагаа саадгүй, тогтвортой байхтай хамт хариуцлага бол хамгийн чухал анхаарах асуудал байх ёстойг тэмдэглэлээ.
Тэрбээр, уул уурхайн салбарт хариуцлага алдагдсанаар эрдэнэт хүний амь нас эрсдэж, иргэдийн эсэргүүцэл нэмэгдэж байгааг онцлон, Монгол Улсын Ерөнхий сайдын “За бол заавал хий” санаачилгын хүрээнд хариуцлагатай уул уурхайг дэмжиж, нөхөн сэргээлтийн асуудлыг онцгойлон авч үзэн Ашигт малтмалын тухай хуульд тусгасныг дурдав.
Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас хариуцлагагүй уул уурхайг дэмжихгүй бөгөөд хууль зөрчиж буй үйлдлүүдтэй хатуу тэмцэнэ гэдгийг онцоллоо.
“За бол заавал хий” санаачилга нь эрсдэлийг урьдчилан илрүүлж, арилгах, аюулгүй ажиллагааг өдөр тутмын хэвшил, соёл болгох зорилготой бөгөөд уул уурхайн салбарт 2026 оныг дуустал үргэлжилнэ.
Б.АМАРТҮВШИН







Улс төр








