Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагаас “Их хуралдай” танхимд эхэлж, хууль тогтоомжийн болон төсөв, санхүүгийн чиглэлийн хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Хуралдааны эхэнд Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж, төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.
Чуулганы хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал мөн багтсан байна.
Үүнээс гадна Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.
Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаанаар байгаль орчин, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал, төсөв санхүүгийн бодлоготой холбоотой олон асуудлыг хэлэлцэж, зарим төслийн хувь заяаг шийдвэрлэх юм.
Б.АМАРТҮВШИН







Улс төр







