Dark Light
Улс төр | 2026-06-29

УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАНЫ СҮҮЛИЙН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы сүүлийн долоо хоногийн хуралдааны тов батлагджээ. Зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх хуралдаанаар нийгэм, эдийн засагт чухал нөлөөтэй хэд хэдэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Даваа гарагт намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдаж, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Тамхины хяналтын тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Мөн байнгын хороод Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон уул уурхайн төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Мягмар гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээс гадна Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Газрын тосны тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль болон уул уурхайн төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэхээр төлөвлөжээ.

Лхагва гарагт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудал, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлэг, мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Харин пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар 2025 оны улсын төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төсөл, Газрын тос, Онцгой албан татвар, Эдийн засгийн эрх чөлөө, Тамхины хяналтын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна. Мөн Орон сууцжуулалтын тухай хууль болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

Баасан гарагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхээс гадна намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж, 2026 оны хаврын ээлжит чуулганыг албан ёсоор хаахаар товложээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16