Улсын Их Хуралд суудалтай намын бүлэг, зөвлөлүүдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.06.29/ болно. Долоо хоног бүрийн даваа гарагт тогтмол хуралддаг уламжлалын дагуу УИХ дахь Монгол Ардын нам, Ардчилсан намын бүлгүүд 10:00 цагаас тус тус хуралдах бол ХҮН намын зөвлөл мөн энэ өдөр хуралдахаар товложээ.
Энэ удаагийн хуралдаанаар УИХ-ын хаврын ээлжит чуулганы сүүлийн долоо хоногт хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд намын бүлгүүд нэгдсэн байр сууриа тодорхойлохын зэрэгцээ цаг үеийн улс төрийн нөхцөл байдал, парламентын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Тодруулбал, энэ долоо хоногийн чуулганаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөн уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоол зэрэг анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэх юм.
Намын бүлэг, зөвлөлүүдийн хуралдаанаас гарсан шийдвэр, байр суурийг бид эргэн мэдээлэх болно.
Б.АМАРТҮВШИН







Улс төр




