Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.06.29/-ийн хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг дэмжиж батлав. Хуулийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан ахалж ажиллана.
Хуулийн төслийг баталснаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжирч, нөөцийн үр ашиг нэмэгдэн, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ сайжирна. Түүнчлэн эрүүл мэндийн тогтолцооны засаглал, хариуцлага дээшилнэ. Мөн анхан болон хоёр, гурав дахь шатлалын эмнэлгүүдийн үүрэг тодорхой болж, шатлал хоорондын уялдаа сайжирч, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн систем, өвчний цахим түүх, өгөгдөлд суурилсан шийдвэр сайжирна гэдгийг хууль санаачлагчид тодотголоо.
Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй 32 саналыг хэлэлцэв.
Төслийг баталснаар тэтгэвэр авч байгаа 500 мянга гаруй ахмадад шимтгэл төлсөн хугацаанаас хамаарч 100-300 мянган төгрөгийн нэмэгдэл олгох, 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгийн цалингаасаа тэтгэвэр тооцуулсан 140 мянган иргэдийг хамруулж, асуудлыг итгэлцүүрээр шийдэх зорилгоор 2.4 сая төгрөгийн цалингаас тэтгэврийг тооцож, зөрүүг арилгах бодлогын шинэчлэлийг хийнэ гэж Засгийн газар тооцсон байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлагыг бууруулж, хамрах хүрээг өргөжүүлэн олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгох шударга тогтолцоог бий болгох зорилгын хүрээнд тэтгэвэрт гарах нас хойшлуулсан жил тутамд дөрвөн хувийн нэмэгдлийг тооцох урамшууллын агуулгыг хуулийн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгох, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан байна.
Мөн Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтыг бүх насны тэтгэвэр авагчид хамааруулах, улмаар ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн ачааллыг бууруулах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг төсөлд тусгасан байна.
Мөн анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох зохицуулалтыг тусгахаар зохицуулсан байна.
АДМИН







Улс төр






