Dark Light
Улс төр | 2026-07-02

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эцэслэн хэлэлцэж баталсан.
Хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Э.Болормаа болон ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн С.Одонтуяа, П.Сайнзориг, С.Ганбаатар, П.Наранбаяр нар мэдээлэл хийлээ.
Энэхүү хууль нь Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг бие даасан эрх зүйн орчинтой болгож, урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь зохицуулалтыг бүрдүүлж байгааг Ажлын хэсгийн гишүүд онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн хууль батлагдсанаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох бодлогын хэрэгжилтийг бүх шатанд уялдуулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байгааг тодотгов.
Мөн уур амьсгалын санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээл, хүлэмжийн хийн тооллого, тайлагнал, ил тод байдлын тогтолцоог хуульчлан зохицуулснаар төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоонд тулгуурласан цогц тогтолцоо бүрдэх юм.
УИХ-ын гишүүдийн зүгээс энэхүү хууль нь зөвхөн байгаль орчны салбарын бус эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай болон бусад салбарын хөгжлийн бодлоготой нягт уялдах стратегийн ач холбогдолтой болохыг тодотгож, COP17 бага хурлыг зохион байгуулахын өмнө Монгол Улс эрх зүйн чухал шинэчлэлээ хэрэгжүүлж чадсан гэлээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль батлагдсанаар Монгол Улс тогтвортой хөгжил, ногоон шилжилтийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн шинэ шатанд ийнхүү шилжиж буй юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16