Жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр Монгол Улс Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан төв талбайд цэргийн ёслолын жагсаал зохион байгуулж, Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмэндээ хандан үг хэлдэг.
Монгол Улсын Их Хурал 2008 онд Төрийн далбааны өдрийн тухай хуулийг баталж, 2009 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдрийг албан ёсоор тэмдэглэж ирсэн.
Үндсэн хуульд юу гэж заасан бэ?
Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлд төрийн бэлгэ тэмдэг болон төрийн далбааны талаар дараах заалтууд бий.
12.1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
12.2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
12.5. Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл болсон улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлана. Далбааны өргөн, уртын харьцаа 1:2 байна.
Монгол төрийн далбааны товч түүх
Монголчууд эрт дээр үеэс туг, сүлдийг төрийн эрх мэдэл, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгон хэрэглэж ирсэн. Хүннү, Хятан болон Их Монгол Улсын үеийн туг, далбааны талаар түүхэн сурвалж, археологийн олдворууд бий боловч тэдгээрийн хэлбэр, өнгө дүрсний талаар судлаачдын байр суурь харилцан адилгүй байдаг.
Богд хаант Монгол Улс (1911)

1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа Богд хаант Монгол Улс төрийн далбаагаа баталж, тусгаар улсын бэлгэ тэмдэг болгон хэрэглэж эхэлсэн. Тухайн үеийн баримт бичигт Монгол Улс өөрийн төрийн далбаатай байх нь бүрэн эрхт тусгаар улсын илэрхийлэл болохыг онцлон тэмдэглэжээ.
БНМАУ-ын төрийн далбаа

1924 оны анхны Үндсэн хуульд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаан өнгөтэй, төв хэсэгтээ улсын сүлдтэй байхаар тусгасан.
1940 оны Үндсэн хуулиар далбааны хэмжээ, загварт өөрчлөлт орсон бол 1945 оны долоодугаар сарын 10-нд БНМАУ-ын төрийн далбааны шинэ загварыг баталжээ. Уг далбаанд өнөөгийнхтэй адил улаан-хөх-улаан өнгийн зохиомж, соёмбо тэмдэг ашигласан бөгөөд дээд хэсэгт алтан таван хошуу байрлаж байв.
1949 болон 1960 оны Үндсэн хуулиудаар төрийн далбааны өнгө, хэмжээ, харьцааг нарийвчлан хуульчилсан юм.
Өнөөгийн төрийн далбаа

1992 оны хоёрдугаар сарын 12-нд шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноор өнөөгийн Монгол Улсын төрийн далбааг албан ёсоор хэрэглэж эхэлсэн.
Өнөөгийн төрийн далбаа нь улаан, хөх, улаан гэсэн гурван босоо зурвастай. Дундах хөх өнгө нь мөнх тэнгэрийг, хоёр талын улаан өнгө нь хөгжил дэвшил, мандан бадрахыг бэлгэддэг бол ишний талын улаан зурваст байрлах алтан соёмбо нь Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө, төрт ёсны бэлгэ тэмдэг юм.
Б.АМАРТҮВШИН







Улс төр





