Dark Light
Улс төр | 2026-07-13

“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Монгол адууны түүхэнд шинэ хуудас нээсэн “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ийн албан ёсны нээлт боллоо.
 
Монгол Улсын санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны олон улсын баярын албан ёсны нээлт өнөөдөр Хүй долоон худагт ёслол төгөлдөр боллоо.
 
"Дэлхийн адууны өдөр"-ийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож үг хэлэхдээ “Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл, Монгол түмний бахархал болсон Монгол адууны өв соёл дэлхий дахинаа түгэн дэлгэрч, алтан туурайт адууны сүрэг маань өсөн арвижихын ерөөлийг өргөн дэвшүүлье. Хүн төрөлхтний үнэнч нөхөр хүлэг морио дээдлэн тахидаг дэлхийн улс орнуудад Дэлхийн адууны өдрийн баярын мэндийг өнө эртний нүүдэлчдийн төрт ёсны арвин гал голомт, Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсаас өргөн дэвшүүлж байна. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтнийг мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай” хэмээн онцолсон юм.
 
Энэхүү өдөр нь Монгол адуу, нүүдэлчдийн өв соёл, хүн ба хүлгийн салшгүй холбоог дэлхий нийтэд сурталчлан таниулах, адууны өв соёлыг өвлүүлэн дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдолтой түүхэн үйл явдал болж байна.
 
“Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд болох “Түмэн морьтны их жагсаал”-д оролцохоор улсын хэмжээнд нийт 12,600 морьтон бүртгүүлээд байна. Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн морьтон олны энэхүү сүрт жагсаал нь Монгол адууны сүр хүч, морьтон ард түмний өв уламжлал, нүүдэлчдийн соёлын гайхамшгийг дэлхий нийтэд таниулсан түүхэн үйл явдлын нэг болох юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16