Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.08.13/ болж, төсвийн тодотгол болон үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “Иргэдэд дарамт болж буй үнийн өсөлтийг яаралтай шийдвэрлэхийг Засгийн газраас шаардсан ч одоог хүртэл тодорхой ажил хийгдсэнгүй. Харин ч оронд нь даргын томилгоог үргэлжлүүллээ. Засгийн газар, яамд, тамгын газар зэрэг дарга нарын түвшинд 2025 оноос хойш 400 гаруй хүнийг даргаар томилсон байна. Өөрөөр хэлбэл, амралын өдрийг хасаад бодвол өдөрт 1-2 даргыг Монгол Улс томилж байна. Энэ томилгоо үр дүнтэй байсан бол Монгол хөгжиж дэвшиж, шатахууны хомсдолд орохооргүй байх байлаа. Гэвч дарга томилсон томилгоо нь төсөвт дарамт болж, татвар төлөгчдөд ачаа болсон. Ирэх саруудад ч даргын халаа солио үргэлжлэх гэж байна”.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Засгийн газар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, инфляцыг зохист түвшинд барих үндсэн үүрэгтэй. Гэтэл өнөөдөр ерөнхий инфляц 13 хувь, хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 25 хувьд хүрсэн. Саяхан Ерөнхий сайд махны үнэ өндөр болсныг мэдэж, дарга нартаа гомдоод байсан. Ерөнхий сайдад хандаж хэлэхэд, монголчууд дэлгүүр орох бүртээ, цалин буух болгонд эрх баригчдын өнгөрсөн хугацааны алдаатай бодлогод гомдож байгаа шүү. Амьжиргааны өртөг ийм өндөр болж инфляц хоёр оронтой тоонд хүрсэн нь зүгээр нэг зах зээлийн үзэгдэл эсвэл Украины дайнтай холбоотой биш. Энэ бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрх баригч МАН-ын толгойлж байгаа үе үеийн Засгийн газрын алдаатай бодлогын үр дүн. МАН үнэмлэхүй олонх болсон өнгөрсөн 10 жилд төсвийг хэт тэлж, төсвийн зардлыг огцом өсгөсөн. Үр дагавар нь өнөөдөр иргэдийн халаасыг хоосолж байна. Бидний хамгийн том эрсдэл бол шатахууны хомсдол, үнийн өсөлт инфляцын дараагийн шокийг зах зээлд мэдрүүлэх үр дагавартай байна. Иймд Засгийн газар өдөр хоногийг аргацааж гал унтраасан байдлаар биш цогц бодлого дэвшүүлж ажиллах ёстой. Засгийн газарт ийм зүрх зориг байна уу. Инфляцын дараагийн давлагаанаас иргэдээ хамгаалах төлөвлөгөө Засгийн газарт байна уу. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс энэ бүх асуудлаа УИХ-аар яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэх хэрэгтэй. Учир нь энэ оны эхний хагасын байдлаар тэнцвэржүүлсэн төсвийн алдагдал 2,1 их наяд төгрөгт хүрч байгаа нь цар тахлын үетэй дүйцэхүйц үзүүлэлт. Хамгийн ноцтой нь энэ бол жилийн эцсийн үзүүлэлт биш, зөвхөн хагас жилийн байдлаарх үр дүн. Эдийн засаг дахь инфляцын дарамт өндөр байхад Засгийн газар төсвийн зардлаа улам тэлж эдийн засагт нэмэлт эрэлт үүсгэх замаар инфляцыг улам хөөрөгдүүлэх бодлого барьж байна. Тиймээс төсвийн тодотголоор нэн яаралтай төсвийн үрэлгэн зардлуудаа эрс танах шаардлагатай”.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Сүүлийн 36 жилийн 75 хувьд нь МАН засагласан. Зөвхөн сүүлийн 10 жилд үнийн өсөлт яаж өөрчлөгдсөнийг талх, махны үнээр жишээлж үзье. Махны үнэ 2016 онд найман мянган төгрөг байсан бол өнөөдөр 36.6 мянган төгрөг болж 357 хувиар өссөн байна. Талхны үнэ 1100 төгрөг байснаа 2800 болж 161 хувиар өссөн. Өнгөрсөн 10 жилд иргэдийн цалин хэдэн хувиар өссөн бэ. Энэ өсөлтийг иргэдийн цалинтай харьцуулах ямар ч боломжгүй өсөлт байгаа юм. Өнгөрсөн оны зургаан сарын үзүүлэлтийг харвал Монголд орлого муудаагүй. Гагцхүү зарлага ихсээд байна. Монголын экспортод гаргаж мөнгө олдог гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, бодит хэмжээ багасаагүй орлогоо өгсөөр байна. Гэтэл гуравдугаар сард долоон хувь байсан инфляц долоодугаар сард буюу дөрөвхөн сарын дотор 13 хувь болж өссөн. Төсөв мөн ялгаагүй хоёр хувийн алдагдалтай байна. Хагас жилд хоёр дахин их алдагдал үйлдвэрлэж байгаа юм чинь хоёр жилийн дараа яаж үржих вэ гэж бодвол Монголын эдийн засаг дампуурчихсан байна. Үүний горыг эмзэг бүлэг, бага, дундаж орлоготой иргэд мэдэрнэ. Мөнгөний нийлүүлэлт хагас жилийн хугацаанд 30 хувиар нэмэгдсэн гэж ярьж байна. 50 гаруй их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг нь төдий чинээ мөнгөний ханш унаж үнийн өсөлт нэмэгдэж байна гэсэн үг. Үүнийг зөвхөн бензин, махны үнэ рүү чихэх ёсгүй. Энэ бол Монголын эдийн засгийн бодлого бүхэлдээ буруу байсны илрэл. МАН Засгийн газраа гурван удаа сольж байгаа ч бодлого нь сайжирч зөв болохгүй байна. Иргэдийн нуруунаас ачааг хөнгөлж хуваалцаж чадахгүй байна. Иргэд татвараа хураалгачхаад үлдсэн мөнгөө юунд яаж зарцуулах вэ гэдгээ өдрийн бодол шөнийн зүүд болж аль эрт тодотгочихсон. Тиймээс эрх баригчид найр наадам зугаа цэнгэлээ эгнэгт дуусгаад наймдугаар сард багтааж төсвийн тодотгол хийж, иргэдтэй адил төр бүсээ чангалах ёстой” хэмээн ярилаа.
УИХ-ын гишүүн Г.Очирбат “МАН эрх мэдэл, хариуцлагагүй байдал, их мөнгөнд бялуурсан цаг хугацааны горыг Монголын ард түмэн үүрч байна. УИХ-аас 2026 онд инфляцын түвшин долоон хувь, 2027 онд зургаан хувь болгох зорилт тавьж баталсан. Өнөөдөр инфляц 13 хувьтай байна. Монголбанк мөнгөний бодлогоо чангалах буюу иргэдийн халаасыг шулах бодлогыг хэрэгжүүлж байна. Инфляцыг барина гээд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг 2022 оноос хойш хэрэгжүүлж, 1,3 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргасан. Үүний үр дүн өнөөдөр хаана байна. Хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улс өөрсдөө хүнсээ үйлдвэрлэе. Инфляцад хамгийн их өртдөг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэе гэсэн. Үр дүн өнөөдөр алга.
Хоёрдугаарт, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг 2024 оноос хойш хэрэгжүүлж, 841 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг өгсөн. Үр дүн нь хаана байна. Яагаад махны ханш 30 мянга давчхав. 3.6-хан сая монголчууд 60, 70 сая малтай. Гэтэл найман мянган төгрөгөөр 10 жилийн өмнө худалдаж авдаг байсан махаа 36 мянган төгрөгөөр авч байна. Эрх баригчдын цацсан 841 тэрбум төгрөгийн үр дүн хаана байна вэ.
Гуравдугаарт, “Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 1,5 их наяд төгрөгийн дэмжлэг төлөвлөөд ажиллаж байна. Үүний үр дүн хаана байна вэ. Дээрх хөтөлбөрийг инфляцыг онилсон байсан. Монголын эдийн засгийг тэлэх байсан. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх байсан. Үүний үр дүн гарахгүй байна. Эрх баригчид цаасан дээр нэмж цаас үйлдвэрлэсэн хөтөлбөрүүд л хэрэгжүүлж.
Төсвийн тодотголыг бодитой хийх ёстой. Төсвийн тодотгол хийхдээ ямар нэгэн зүйлтэй хавсаргаж оруулж ирдэг. Одоогийн Засгийн газрын барьж байгаа бодлого нь 2027 оны төсөвтэй давхцуулаад төсвийн тодотголыг оруулж ирэхээр санаархаж байна. Эдийн засаг хүндэрчихсэн, төсөл хөтөлбөрүүд нь үр дүнгүй болчихсон, иргэдийн амьжиргаа уначихсан, өргөн хэрэглээний бараа 2-3 дахин өсчихсөн, татварын дарамт ихтэй энэ үед чуулганыг яаралтай хуралдуулж, төсвийн тодотголыг тусад нь хэлэлцэх ёстой. Тиймээс УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд ээлжит бус чуулганыг хуралдуулахыг уриалж байна. Манай хойд, урд хөршийн төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэн учраас инфляц нь өнөөдөр буурсан үзүүлэлттэй байна. Гэтэл Монголын инфляц өдрөөс өдөрт өсөж байна” хэмээв.
АДМИН






Улс төр




