«Чингис хаан» нисэх буудлыг өргөтгөнө: Монгол-Японы харилцаанд шинэ үүд хаалга нээгдлээ
Монгол Улсын хамгийн том агаарын үүд хаалга болох «Чингис хаан» олон улсын нисэх онгоцны буудал улам томорч, хүчин чадлаа нэмэгдүүлэхээр боллоо. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг нар Улаанбаатар хотноо уулзах үеэрээ энэхүү түүхэн шийдвэрийг албажуулж, нисэх буудлыг өргөтгөх төсөл дээр хамтран ажиллахаар тохиролцов.
Японы Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн хөнгөлөлттэй зээлээр анх боссон энэхүү орчин үеийн нисэх буудлыг ийнхүү өргөтгөх болсон нь зөвхөн барилга байгууламж томрох төдий асуудал биш юм. Энэ нь хоёр улсын хоорондох эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх болон иргэд хоорондоо чөлөөтэй зорчих шинэ гүүр болох стратегийн асар өндөр ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм.
«Гуравдагч хөрш»-ийн харилцаа технологиор шинэчлэгдэнэ

Монгол Улсын гадаад бодлогын хамгийн чухал түнш, эрхэм «гуравдагч хөрш» болох Япон улстай хийх хамтын ажиллагаа энэ удаад улам нарийсэж байна. Сайд нар уулзалтынхаа үеэр уламжлалт салбаруудаас гадна орчин үеийн дэлхий дахины чиг хандлага болох аюулгүй байдал болон хиймэл оюун ухаан (AI)-ы салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ баталлаа. Мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлын талаар санал солилцсон байна.
Үүнээс гадна Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү олон жилийн өмнө Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудалд Монгол Улсын Засгийн газар тууштай дэмжлэг үзүүлж, гүн гүнзгий ойлгож ирсэнд талархаж байгаагаа онцлон илэрхийлэв.
Монголчуудын хувьд Япон руу аялах, суралцах, бизнес хийх боломж энэхүү нисэх буудлын өргөтгөлийн дараа улам бүр ойртож, хоёр орны «Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл» цоо шинэ шатанд гарч байна.
ТАТАР МАЙДАР







Улс төр




