ЦЭРГИЙН ДИПЛОМАТ: Дэслэгч генерал Сүнрэвийн Ганбямба Энэтхэг-Номхон далайн Жанжин штабын дарга нарын чуулганд оролцлоо
Канад Улсын Бритиш Колумби мужийн Викториа хотноо Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн орнуудын ЗХЖШ-ын дарга нарын 28 дахь удаагийн жил тутмын дээд хэмжээний чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус чуулганд Монгол Улсыг төлөөлөн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Сүнрэвийн Ганбямба тэргүүтэй цэргийн өндөр түвшний төлөөлөгчид оролцов.
.jpg)
Энэ удаагийн чуулганд бүс нутгийн 29 орны цэргийн дээд удирдлагууд, 32 төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын цэргийн асуудал эрхэлсэн удирдах бүрэлдэхүүн нэг дор цуглаж, аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна.
Гол сэдэв: Нэгдмэл аюулгүй байдал ба Хиймэл оюун ухаан (AI)
Чуулган “Нэгдмэл аюулгүй байдлыг бэхжүүлэх нь: Динамик Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн сорилтуудыг даван туулах нь” ерөнхий сэдвийн дор өрнөлөө. Удирдагчид бүс нутгийн геополитикийн тогтвортой байдлаас гадна орчин үеийн цэргийн тактикт нэн чухал болж буй дараах сэдвүүдийг онцоллоо:
- Хиймэл оюун ухааныг (AI) цэргийн тактикийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хэрхэн үр ашигтай, хариуцлагатай ашиглах боломжууд.
- Цэргийн болон цэргийн бус чиглэлээр холбоотнуудын хамтын ажиллагааны чадамжийг дээшлүүлэх.
Өндөр түвшний уулзалтууд ба Монгол-Америкийн батлан хамгаалах харилцаа
Чуулганы үеэр дэслэгч генерал Сүнрэвийн Ганбямба бүс нутгийн аюулгүй байдлыг тодорхойлогч дэлхийн шилдэг цэргийн стратегичидтай цуврал уулзалтууд хийж, хоёр талын батлан хамгаалах хамтын ажиллагааны ирээдүйн хэтийн төлвийн талаар санал солилцлоо. Тэрээр:
- АНУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Даниель Кейн,
- АНУ-ын Номхон далайн цэргийн командлагч, адмирал Самуэль Папаро,
- Энэтхэгийн Батлан хамгаалахын нэгдсэн штабын дарга, генерал Ража Субрамани,
- Австралийн Батлан хамгаалахын нэгдсэн штабын дарга, адмирал Марк Хаммонд нартай тус тус ажил хэрэгч уулзалт хийв.
.jpg)
Ялангуяа, АНУ-ын Дайны яамны БНХАУ, Тайвань, Монгол Улсыг хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Алваро Смиттэй хийсэн уулзалтаар Монгол, Америкийн батлан хамгаалахын салбарт амжилттай хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг дүгнэж, цаашдын цэргийн практик сургуулилалтуудыг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн нь стратегийн өндөр ач холбогдолтой байлаа.
Тэргүүн ахлагч Нямаагийн Баасан удирдах ахлагч нарын уулзалтад
Энэ удаагийн чуулганы бас нэгэн онцлог нь 24 орны Зэвсэгт хүчний ахлагч нар тусад нь уулзалт зохион байгуулж, бүс нутгийн аюулгүй байдал дахь ахлагч нарын оролцоо, тэдний хөгжлийг хэлэлцсэн явдал юм. Монгол Улсын ЗХЖШ-ын тэргүүн ахлагч Нямаагийн Баасан тус уулзалтад амжилттай оролцож, АНУ-ын Номхон далайн командлал, Канад болон БНСУ-ын Зэвсэгт хүчний тэргүүн ахлагч нартай хоёр талын үр дүнтэй уулзалтуудыг хийж, туршлага солилцлоо.
.jpg)
Ажиглагчдын дүгнэж буйгаар, энэхүү дээд хэмжээний чуулга уулзалт нь Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чухал байр суурь эзэлдгийг нотолж, "гуравдагч хөрш"-үүдтэй хийж буй батлан хамгаалах салбарын стратегийн түншлэлийг дахин баталгаажуулсан түүхэн үйл явдал боллоо.
ТАТАР МАЙДАР







Улс төр




