Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Дашцэдэнгийн Баасандамба тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д зохион байгуулагдаж буй “Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлэлцээ” олон улсын арга хэмжээнд энэ сарын 7-нөөс 9-ний өдрүүдэд оролцож байна.
Арга хэмжээний үеэр БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалахын дэд сайд И Дү Хи Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Дашцэдэнгийн Баасандамбатай албан ёсны хоёр талын уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Дэд сайд Д.Баасандамба Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлого баримталдаг болохыг тусгайлан онцлов. Тэрээр Монгол Улс нь БНАСАУ (Хойд Солонгос) болон БНСУ (Өмнөд Солонгос)-той хоёулантай нь уламжлалт найрсаг харилцаатай орны хувьд Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах, талууд энх тайвнаар зэрэгцэн оршиход дипломат шугамаар зуучлах, дэмжлэг үзүүлж туслахад үргэлж бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.


Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гол чиглэлүүд:
Талууд батлан хамгаалах салбарыг бодит үр дүнд чиглүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр тохиролцож, дараах тодорхой чиглэлүүдийг дэлгэрэнгүй хэлэлцлээ.
- Хамтарсан сургууль, сургалтууд: “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль, Монгол, БНСУ-ын инженерийн хамтарсан “Гүүр” сургалт болон тусгай хүчний хамтарсан сургалтуудыг үргэлжлүүлэн идэвхжүүлэх,
- Цэргийн боловсрол: Хоёр улсын цэргийн боловсролын салбарын харилцан солилцоог улам өргөжүүлэх,
- Тогтмол механизм: Хоёр талын тогтмол уулзалт болон зөвлөлдөх механизмыг илүү өндөр түвшинд тогтмолжуулахаар санал нэгдэв.
Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа нь ирээдүйд чиглэсэн, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулах чухал түншлэл гэдгийг талууд уулзалтын төгсгөлд батлан илэрхийллээ.
ТАТАР МАЙДАР





Улс төр





