Dark Light
Улс төр | 2026-09-12

ЭЛБЭГДОРЖ БНСУ-Д ЦААЗЫН ЯЛЫГ ХАЛАХ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ АХАЛНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Монголын туршлага Сөүлд хэрэг болно: Цахиагийн Элбэгдорж БНСУ-д цаазын ялыг халах төлөөлөгчдийг ахална
 
Цаазын ялын эсрэг олон улсын комисс (ICDP)-ын Ерөнхийлөгч, шүүгч Нави Пиллайгаас Монгол Улсын Ерөнхийлөгч асан, тус комиссын гишүүн Цахиагийн Элбэгдоржид албан ёсны урилга ирүүллээ. Уг захидалд түүнийг 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо ажиллах Олон улсын комиссын төлөөлөгчдийг ахлан ажиллахыг урьсан байна.
БНСУ нь 1997 оноос хойш цаазын ял гүйцэтгээгүй ч хуулиас бүрэн хасаагүй байгаа юм. Өдгөө тус улсын Үндсэн хуулийн цэц болон Үндэсний Ассамблейд цаазын ялыг албан ёсоор халах түүхэн шийдвэрлэх цаг үе тохиож буй тул Монгол Улсын туршлага, Цахиагийн Элбэгдоржийн улс төрийн манлайлал Сөүлийн бодлого боловсруулагчдад гол үлгэр жишээ болно гэж олон улсын байгууллага үзжээ.
 
Цахиагийн Элбэгдоржийн түүхэн манлайлал ба Монголын туршлага:

Монгол Улс нь цаазын ялтай байх үедээ энэхүү ялыг төрийн маш нууцын зэрэглэлд оруулж, гүйцэтгэдэг байв. Гэвч Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010 онд бүрэн эрхийнхээ хүрээнд цаазын ял гүйцэтгэхэд албан ёсоор моратори (түр зогсоосон) зарлаж, уучлал үзүүлж эхэлсэн юм. Үүний дараа түүний тууштай зүтгэл, улс төрийн хүчтэй манлайллын үр дүнд Монгол Улсын Парламент 2015 онд Эрүүгийн шинэ хуулийг баталж, цаазын ялыг хуулиас бүрэн хассанаар 2017 оноос хууль хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Монголын энэхүү зоримог алхам нь Ази тивд хүний эрхийг хамгаалах, цаазын ялыг халах боломжтой бөгөөд энэ нь үндэсний аюулгүй байдал, олон нийтийн хэв журамтай бүрэн нийцэж болдгийн хамгийн тод үлгэр жишээ болж олон улсад үнэлэгддэг.
 
Айлчлалын хүрээнд төлөвлөгдсөн гол уулзалтууд:
  • БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой (Lee Jae-myung) уулзаж, түүний бүрэн эрхийн хугацаанд цаазын ялыг бүрэн халах алхмыг дэмжих, Монголын туршлагаас хуваалцах;
  • Гадаад хэргийн сайд Чо Хён (Cho Hyun), Үндэсний Ассамблейн дарга Чо Жон Сик (Cho Jeong-sik) болон хууль тогтоогчидтой уулзах;
  • 9 дүгээр сарын 17-нд БНСУ-ын Үндэсний Ассамблейд болох олон улсын семинарт үндсэн илтгэл (Keynote address) тавих;
  • БНСУ дахь Европын Холбооны төлөөлөгчийн газар, Испани, Швейцар, Герман зэрэг орнуудын Элчин сайд нар болон иргэний нийгмийн байгууллагуудтай уулзах зэрэг юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19